Их Британийн хааны гэр бүлийн гишүүн, Хаан III Чарльзын дүү Эндрю Маунтбаттен-Виндзорыг албан тушаалын хүрээнд ёс зүй зөрчсөн байж болзошгүй хэрэгтэй холбогдуулан өчигдөр /2026.02.19/ баривчилсан ч удалгүй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд сулласан талаар цагдаагийн газар мэдээлжээ.
Өчигдөр өглөө Норфолк дахь Сандрингемийн эдлэнгийн орчимд 60 гаруй настай эрэгтэйг саатуулж, зарим газарт нэгжлэг хийсэн байна. Орой нь цагдаа нар уг этгээдийг батлан даалтад бус, "мөрдөн байцаалтын шатанд сулласан" болохыг баталж, нэгжлэг дууссан гэж мэдэгджээ.
Мөн уг баривчилгаа нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн талаарх аливаа гомдолтой холбоогүй болохыг онцолжээ.
Цагдаагийн байгууллага сэжигтний нэрийг үндэсний журмын дагуу албан ёсоор зарлаагүй ч уг хэрэг олон нийтийн анхаарлыг татаж байгааг хүлээн зөвшөөрч, шалгалт үргэлжилж байгааг мэдэгдсэн байн. Цагдаагийн даргын туслах Оливер Райт "Бид тохиромжтой цагт нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэжээ.
Хаан III Чарльз мэдэгдэлдээ, "хууль өөрийн замаар явах ёстой" хэмээн онцолж, хэргийг бүрэн, шударга, хараат бусаар шалгах ёстойг дурджээ. Мөн хааны гэр бүл олон нийтийн ажлаа хэвийн үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна.
Эндрю Маунтбаттен-Виндзор өмнө нь нас барсан Жеффри Эпштейнтэй холбоотой асуудлаар шүүмжлэлд өртөөд байсан юм. АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэлсэн зарим баримтад тэрээр 2001-2011 онд Их Британийн худалдааны тусгай төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа хийсэн албан айлчлалын талаарх мэдээллийг Ж.Эпштейнд дамжуулсан байж болзошгүй талаар дурдсан байдаг.
Албан ёсны журмаар ийм албан тушаал хашиж байсан хүмүүс айлчлалынхаа мэдээллийг нууцлах үүрэгтэй аж.
Мөн энэ сарын эхээр 2010 онд Жеффри Эпштейн Эндрютай холбоотой өөр нэгэн эмэгтэйг Их Британи руу илгээсэн гэх мэдээллийг цагдаа нар шалгаж буйгаа илэрхийлсэн байдаг. Гэсэн ч Эндрю энэ мэт аливаа буруутгалыг тууштай няцаасаар ирсэн бөгөөд энэ удаагийн баривчилгаатай холбогдуулан тайлбар өгөөгүй байна. Одоогоор хэрэг мөрдөн шалгах шатандаа үргэлжилж байгаа бөгөөд шүүхийн өмнөх процесс явагдаж буй тул албаныхан нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс зайлсхийж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC