Д.Трамп: Ирантай хэлэлцээр хийх үү, эсвэл "муу зүйл тохиолдох уу" гэдгийг харах 10 хоног байна

Д.Трамп: Ирантай хэлэлцээр хийх үү, эсвэл "муу зүйл тохиолдох уу" гэдгийг харах 10 хоног байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай цөмийн хөтөлбөрийн асуудлаар утга учиртай хэлэлцээр байгуулах эсэх, эсвэл нөхцөл байдал цэргийн ажиллагаанд хүрэх эсэх нь "дараагийн, магадгүй 10 хоногийн дотор" тодорхой болно гэж мэдэгджээ.

Тодруулбал, Вашингтонд болсон Энхтайвны зөвлөлийн анхны хуралдааны үеэр тэрээр "Бид бодит, үр дүнтэй хэлэлцээр хийх ёстой. Эс бөгөөс муу зүйл тохиолдоно" хэмээн анхааруулсан байна. Д.Трампын хэлснээр тусгай элч Стив Виткофф болон түүний хүргэн Жаред Кушнер нар Ираны талтай "маш сайн уулзалтууд" хийсэн ч эцсийн шийдэлд хүрэхэд амаргүй хэвээр байгаа ажээ.

Сүүлийн өдрүүдэд АНУ Ойрхи Дорнодод цэргийн хүчээ нэмэгдүүлж, нисэх онгоц тээгч USS Abraham Lincoln хөлгийг бүс нутагт байршуулсан. Үүний зэрэгцээ Швейцарьт болсон АНУ, Ираны төлөөлөгчдийн уулзалтаар тодорхой ахиц гарсан гэх мэдээлэл бий. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт Иран дипломат замаар асуудлыг шийдэх нь "хамгийн ухаалаг сонголт" болохыг онцолсон байна.

Гэвч АНУ-ын дотоод улс төрийн хүрээнд энэ асуудал нь маргаан дагуулж байгаа ажээ. Тодруулбал, Ардчилсан намын зарим гишүүд болон Бүгд Найрамдах намын төлөөлөгчид Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.

Тухайлбал, конгрессын гишүүн Ро Ханна, Томас Масси нар 1973 оны Дайны эрх мэдлийн тухай хуулийг иш татан, аливаа цэргийн шийдвэрийг конгрессоор хэлэлцүүлэхийг шаарджээ. "Ирантай хийх дайн бүс нутгийг тогтворгүй болгож, АНУ-ын цэргүүдийг эрсдэлд оруулна" гэж Ро Ханна мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Иран ч цэргийн бэлтгэлээ бэхжүүлж буй шинжтэй байгаа аж. Учир нь хиймэл дагуулын зургууд тус улсын цэргийн байгууламжуудыг хамгаалалтаа сайжруулсныг харуулж байгаа бол тус улсын дээд удирдагч Аятолла Али Хаменей АНУ-ын цэргийн хүчийг илт заналхийлсэн мэдэгдэл олон нийтэд хандан гаргажээ.

Өмнө нь АНУ Ираны цөмийн байгууламжууд руу агаараас цохилт өгч байсан бөгөөд Цагаан ордон шинэ хувилбаруудыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Гэсэн ч Их Британийн засгийн газар Иранд чиглэсэн болзошгүй ажиллагаанд өөрийн цэргийн баазуудыг ашиглуулах зөвшөөрөл олгоогүй гэж BBC агентлаг мэдээлжээ. Ийнхүү дипломат хэлэлцээ болон цэргийн бэлтгэл зэрэгцэн өрнөж буй энэ үед АНУ-ын дараагийн алхам Ойрхи Дорнодын аюулгүй байдалд томоохон нөлөө үзүүлэхээр байна. Ирэх өдрүүдэд хэлэлцээ бодит үр дүнд хүрэх эсэх, эсвэл нөхцөл байдал хурцдах эсэх нь тодорхой болох аж. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө