Бразилын ерөнхийлөгч Эрүүл мэндийн сайдаа огцруулжээ

Бразилын ерөнхийлөгч Эрүүл мэндийн сайдаа огцруулжээ

Бразил улсын ерөнхийлөгч Жайр Болсонару коронавирусийн цар тахлын асуудлаар санал зөрөлдсөн шалтгаанаар эрүүл мэндийн сайдаа огцруулах шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Сайд Луйз Энрик Мандетта “Дөнгөж сая ерөнхийлөгч Жайр Болсонаругаас халагдах болсноо сонслоо” гэж твиттер хуудсандаа мэдээлээд өөрийг нь залгамжлах хүнд ажлын амжилт хүссэн байна.

Мандетта нь Бразил улсад коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлыг голлон удирдаж, олон нийтийн дэмжлэгийг авч байсан хүн юм.

Харин ерөнхийлөгч Болсонару цар тахлыг “ханиад төдий зүйл” гэж хэд хэдэн удаа ярьж, хөл хорих арга хэмжээ нь эдийн засгийг унагааж, олон сая хүнийг ажлын байр, бизнесийг үгүй хийнэ хэмээн эсэргүүцжээ. Жайр Болсонару пүрэв гаригт хэвлэлийн хуралд хэлсэн үгэндээ “Хүний амь бол үнэлшгүй. Гэхдээ эдийн засаг, ажилгүйдлийг хэвийн түвшинд оруулах хэрэгтэй” хэмээжээ.

Өнөөдрийн байдлаар Бразил улсад коронавирусийн халдварын 30,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 2,000 орчим хүн нас бараад байна. Энэ нь 211 сая хүн амтай улсад харьцангуй бага тоо боловч сүүлийн үед өсөлт нь эрчимжиж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian