Германы амьтны хүрээлэнд амьтдыг, амьтдаар нь хооллохоор болжээ

Германы амьтны хүрээлэнд амьтдыг, амьтдаар нь хооллохоор болжээ

Коронавирусийн цар тахлын улмаас тогтоож буй хөл хорио олон салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаагийн нэг бол амьтны хүрээлэн юм. Өдөрт мянга, мянган үйлчлүүлэгч хүлээн авдаг байсан хүрээлэнгүүд хоосорч, орлогын эх үүсвэр нь бүрэн үгүй болоод удаж байна.

Тэгвэл ХБНГУ-д энэ байдал хүндэрч, амьтны хүрээлэнд амьтдыг тэжээх хоол хүнсний хомсдол үүсчээ.

Тус улсын амьтны хүрээлэнгийн нийгэмлэгийн үзэж буйгаар энэ салбар “амьд үлдэх” ганц зам нь амьтдыг амьтдаар нь хооллох гэж үзжээ. 

Германы Welt сайтын мэдээлснээр “Neumünster” амьтны хүрээлэнгийн захирал Верена Каспари “Бид эхний байдлаар нядлах амьтдын жагсаалтаа гаргасан. Үүнийг хийхэд маш амаргүй байлаа. Хэрэв нөхцөл байдал хэцүүдвэл амьтдыг өлсгөж үхүүлэхийн оронд зовоолгүй унтуулахыг илүүд үзэж байгаа” гэж мэдэгдэв. Амьтдыг өөр тийш нь зөөвөрлөх боломжгүй учир дээрх шийдвэр хамгийн эцсийн арга байсан талаар тэр хэлжээ. Уг арга хэмжээг авсан ч ирэх саруудад зочин хүлээж авахгүй учраас ирээдүйд учрах санхүүгийн хямралыг зохицуулах боломжгүй аж. Түүний хийсэн тооцоогоор хаврын улиралд зочингүй байснаар 175 мянган евро хүртэлх алдагдлыг хүлээх юм байна.

Өдөр бүр их хэмжээний загасаар хооллодог оцон шувуу, далайн хав хамгийн эхэнд золиосонд явах аж. Хоол тэжээлээс гадна халуун орны амьтдыг Цельсийн 20 хэмээс дээш дулаан нөхцөлд амьдруулахын тулд халаалтын зардал гаргадаг аж.

Амьтны хүрээлэн амьтдаа арчилж чадахаа больсон үед ихэвчлэн тэднийг байгальд нь аваачдаг аж. Гэсэн ч энд тэндгүй ийм асуудал тулгамдаад буй үед энэ нь тийм ч зөв сонголт биш гэж үзжээ.

Neumünster-ийн адил олон амьтны хүрээлэн жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан яаралтай тусламжийн санд орж чадаагүй аж. Ийм учраас тэд ард иргэдийн хандив болон Германы засгийн газраас 100 мянган еврогийн тусламж хүсээд байна. Бусад бизнесийн байгууллагууд шиг үйл ажиллагаагаа зогсоох боломжгүй, үзэгчгүй байсан ч амьтдаа тэжээж, арчилж байх ёстой болдог тухай Германы амьтны хүрээлэнгүүдийн холбоо тайлбарлажээ. Одоогоор Герман улсад коронавирусын 130,694 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 3,261 хүн нас баржээ.