Аялал жуулчлалын салбарыг хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлттэй нийцүүлэн хөгжүүлнэ

Аялал жуулчлалын салбарыг хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлттэй нийцүүлэн хөгжүүлнэ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн нар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам тэргүүтэй тус яамны удирдлага, хамт олныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт хэрэгжүүлэх аливаа төсөл, хөтөлбөр нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд бүрэн нийцсэн, бодлого, төлөвлөлт нь тогтвортой, уялдаа холбоотой байх ёстойг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тус яамны хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэн нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж буйгаа мэдэгдэв.

Мөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бусад салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулах зайлшгүй шаардлагатайг онцолж, тухайлбал зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр санал болгож буй төслүүдийг аялал жуулчлалын хөгжилтэй хэрхэн уялдуулах талаар байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, төсвийн санхүүжилтийг дангаар хүлээхээс илүүтэй төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулалт татах нь чухал болохыг тэмдэглэв. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах тэргүүлэх салбаруудын нэг болохыг онцлоод, уг салбарыг соёлын салбартай нягт уялдуулан хөгжүүлэх шаардлагатайг дурдлаа. Тэрбээр яамны зүгээс аялал жуулчлалын 17 бүсийг Засгийн газраар батлуулсан талаар мэдээлэв.

Мөн гадаад улсад Монгол Улсыг сурталчлахад кино урлаг чухал үүрэгтэйг онцолж, “Монголкино” нэгтгэлийн байрыг түшиглэн орчин үеийн кино зураг авалтын байгууламжтай болсноор гадаадын уран бүтээлчид Монгол Улсад кино зураг авах таатай орчин бүрдэнэ гэдгийг тэмдэглэлээ. Салбарын хүрээнд нэн тэргүүнд “Монголкино” нэгтгэлийг шинэчлэх, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлон дурдав. Монголын дуурийн дуучид дэлхийд өндөр үнэлэгдэж байгаа хэдий ч уран бүтээлчдийн ажиллах орчин, нөхцөл хангалтгүй байгааг хэлж, соёлын салбарт хийх бодит өөрчлөлт нь аялал жуулчлалын хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэв.Спортын салбарын хувьд тамирчдын бэлтгэл хийх бааз, суурийг сайжруулах, Спортын ордныг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэнийг дурдахын зэрэгцээ өвлийн спортын тамирчдын бэлтгэлийн орчин, нөхцөл хангалтгүй байгааг онцлон тэмдэглэлээ. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын хөгжлийг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, салбар хоорондын уялдаа холбоог хангах, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эдийн засгийн бодлоготой нийцүүлэн хэрэгжүүлэхэд холбогдох дэмжлэг, хамтын ажиллагааг үзүүлж ажиллана гэсэн юм.