Үндсэний аудитын газраас “Монголбанкны бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөт байдал”-д хийх гүйцэтгэлийн аудит хийж эхэлжээ.
Аудитад Монголбанк, Мөнгөний бодлогын хороо, Хяналтын зөвлөл болон тус банкны үйл ажиллагаатай холбоотой бусад хамрагдагч нэгжүүдийг хамруулж авч үзэхээр төлөвлөсөн байна. Улмаар Монголбанкны бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, хүний нөөц, Төрийн хэмнэлтийн тухай хуульд хамаарах үндсэн хөрөнгө, үйл ажиллагааны зардлын зарцуулалт, зээл олголт, мөнгөн тэмдэгт хэвлэлт, хяналтын үйл ажиллагааны баримт материалын хүрээнд аудитыг гүйцэтгэх гэнэ. Аудитын тайланг 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны дотор УИХ, Монголбанк болон холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх юм. Үүний өмнө УИХ-ын даргын зүгээс Монголбанканд аудитын шалгалт оруулах чиглэл өгсөн. Тухайн үед төгрөгийн ханш тогтвортой барих үндсэн үүрэгтэй Төв банк их хэмжээний мөнгө хэвлэж, инфляцыг өдөөсөн. Ойролцоогоор 10 их наядын алдагдал хүлээсэн. Хэдхэн жилийн өмнө 400 орчим байсан албан хаагчдын тоог 700-д хүргэж данхайлгасан. Хэмнэлтийн хуулийг огт хэрэгжүүлээгүй зөрчил яригдаж байсан юм.