Вирусийн халдвартай өвчтөнүүдийг эмнэлэгт өгөх гэсэн автомашины цуваа ОХУ-д шуугиан болж байна

Вирусийн халдвартай өвчтөнүүдийг эмнэлэгт өгөх гэсэн автомашины цуваа ОХУ-д шуугиан болж байна

Сүүлийн өдрүүдэд ОХУ-д коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор нэгэн бичлэг цацагдаж, олны анхаарлыг татаж байна. Энэхүү бичлэгт түргэний машинууд эмнэлгийн гадаа есөн цаг орчим дугаарласны эцэст өвчтөнийг эмнэлэгт оруулж байгаа талаарх нэгэн залуугийн яриа бичигдсэн юм.

Тэрээр “Энд өвчтөнүүдээ дийлэхгүй байна. Түргэний машинууд урт цуваа үүсгэн дугаарлаж, халдвар авсан хүмүүсийг эмнэлэгт оруулахын тулд эмнэлгийн гадаа  есөн цаг хүлээж байна” гэж ярьжээ.

Үүнээс гадна түргэний машинуудын эмнэлгийн гадаа урт цуваа үүсгэсэн хэд хэдэн бичлэг цацагдсан бөгөөд хүмүүс янз бүрийн байр сууриар хандаж байна. Тухайлбал “Эмнэлэг өвчтөнүүдээ хүлээн авах зайгүй байгаа, хөнгөн өвдсөн хүмүүсийг дүүргийн эмнэлэгт эсвэл гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна”, “Нэг, хоёр, гуравдугаар сард халдварт өвчний эсрэг ямар ч бэлтгэл хангаагүй, тайван байсны уршиг одоо гарч байна”,

“Энэ явдал ээжид маань тохиолдсон. Эмнэлгийн гадаа түргэний машинд бараг дөрвөн цаг хүлээсний эцэст арайхийн эмнэлэг рүү орсон” гэсэн сэтгэгдлүүд байсан бол бичлэгийг үгүйсгэсэн хүмүүс ч байлаа. Тухайлбал “Манайд ийм их түргэний машин байхгүй”, “Энд байгаа машинууд зүгээр л зогсоолд зогсож байна” гэх мэтээр бичлэгийг үгүйсгэжээ.

Сүүлийн 24 цагийн дотор тус улсад шинээр 2400 тохиолдол бүртгэгджээ. Одоо ОХУ-ын Москва болон баруун бүс нутагт халдварын оргил үе тохиож байгаа бол тус улсын Эрхүү муж, Буриад улсын нутгаар халдварын оргил үе ирэх тавдугаар сард тохиож болзошгүйг ОХУ-ын Шадар сайд Т.Голикова анхааруулсан байна.