Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гүтэй уулзсан байна.
Уулзалтаар талууд хоёр улсын хооронд зохион байгуулах өндөр түвшний айлчлалыг уялдуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. "Бан Ги Мүн сан"-тай тогтоосон ойр дотно харилцаанд тулгуурлан өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах асуудлаар ярилцав.
Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг болох “Maekyung Media Group”-т ярилцлага өгөв. Ерөнхий сайдтай тус группийн редактор Юн Воп Суп Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дахь Монгол Улсын оролцоо болон Монгол, Солонгосын худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа зэрэг сэдвийн хүрээнд ярилцав.
Чуулга уулзалтын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрчим хүчний аюулгүй байдлын талбарт аль улс давуу байр суурь эзэлж байгаа вэ” салбар хуралдаанд оролцохоос гадна “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэлнэ. Мөн дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаанд панелистаар оролцоно.
Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар өнөөдөр уулзах товтой байна.
“Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” сэдвийн дор болж буй энэ удаагийн чуулга уулзалтад 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллага, томоохон корпорацуудын удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 3000 гаруй төлөөлөгч хуран чуулж байна. Манай улсын хувьд энэхүү чуулга уулзалтад өндөр дээд түвшинд оролцсоноор дэлхийн улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчидтай шууд харилцаа тогтоох, улс орны хөрөнгө оруулалтын орчныг өргөн хүрээнд сурталчлах, Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл хөтөлбөрүүдэд олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах, шинэ түншлэлийг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй юм.