Их Британийн сургуулиуд есөн сар хүртэл хичээллэхгүй

Их Британийн сургуулиуд есөн сар хүртэл хичээллэхгүй

Их Бритианийн эрх баригчид бүх сургуулиудын үйл ажиллагааг энэ оны есдүгээр сарын нэгэн хүртэл зогсоож, хөл хорио тогтоох шийдвэрийг гаргажээ.

Гэхдээ онц байдалд ажиллаж буй албан хаагчдын хүүхдүүд болон тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай сурагчдаа хүлээн авч, ажиллах юм байна.

Тус улсын Засгийн газраас коронавирусийн халдварын тархалтын үед зайлшгүй ажиллах ёстой ажлын байрны жагсаалтыг гаргаж, олон нийтэд зарласан бөгөөд тус жагсаалтад эрүүл мэнд, нийгмийн халамж, төрийн алба болон хүнсний бүтэгдээхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдааны салбарын ажилчид, албан хаагчид оржээ. Эцэг, эхийн аль нэг нь дээр дурдсан зайлшгүй ажиллах ёстой ажлын байранд ажиллаж байгаа л бол хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явах эрхтэй аж.

Одоогийн байдлаар тус улсын нийт сургуулиудын 94 хувь нь сурагчдынхаа 20 орчим хувийг хүлээн авч, ажиллаж байгаа юм байна. Харин сургуульдаа явахгүй байгаа сурагчдыг цахим сургалтад үргэлжлүүлэн хамрагдаж, гэрийн даалгавраа сайн хийхийг зөвлөж байна. Сурагчдын үнэлгээг тэдний идэвх, өмнө өгсөн явцын шалгалт, ангийн болон гэрийн даалгаврын гүйцэтгэлээр тогтоож, жилийн эцсийн дүнг гаргахаар болжээ.