УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Санал худалдан авахын эсрэг хууль"-ийн төслийг боловсруулж байгаа аж. Уг хуулиар сонгуулийн жилээс бусад гурван жилд ч өөрийн болон төсвийн, төрийн өмчит компаниудын мөнгө, хүний нөөцийг ашиглаж санал худалдан авахыг хориглосон байна.
Санал худалдан авалтад бэлэн мөнгө, эд тараах, амралт, гадаадад явуулах, элдэв төрлөөр ивээн тэтгэх, төрийн мөнгөөр хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр сурталчлах, зээл тэглэх, малчдад ноолуурын мөнгө тараах, "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг үүсгэх зэргийг багтаажээ. Цаашлаад уг хуулийг боловсруулж буй ажлын хүрээнд хэсгийн ахлагч, ухуулагчдыг болиулах асуудлыг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар тохирсон байна. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.
ВИДЕО:
-"ШИНЭ ХОРШОО" ХӨДӨЛГӨӨН БОЛ МАЛЧДЫН САНАЛЫГ ХУДАЛДАН АВАХ ЗОРИЛГОТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА БАЙСАН-
-Та "Санал худалдан авахын эсрэг хууль"-ийн төслийг боловсруулж байгаа гэлээ. Саналыг худалдаж аваад удаж байгаа. Энэ талаар хүн бүр мэддэг ч засч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр таны хуулиар санал худалдан авдаг процессыг хэрхэн тодорхойлж, яаж хориглож өгөх вэ?
-Тийм. Олон жил ярьж ирсэн ч засч чадаагүй. Учир нь их амаргүй ажил юм байна. Ямар үйлдлийг санал худалдан авах гэхэв, түүнийг яаж илрүүлж, ямар хариуцлага хүлээлгэх нь маш их ярвигтай. Тийм ч учраас санал худалдан авахыг хориглох ажил руу ордоггүй байсан байж магадгүй. Уг нь Сонгуулийн тухай хуулинд сонгуулийн жил эхэлснээс хойш санал худалдан авах үйл ажиллагааг хориглосон байдаг. Тодруулбал, бэлэн мөнгө, бэлэг сэлт өгч болохгүй, үнэгүй үзвэр үйлчилгээ үзүүлж болохгүй , гадаад дотоодод аялуулж болохгүй, ажил амлаж, олгож болохгүй гэх мэтээр санал худалдан авахад нөлөөлөх бүх үйлдлийг хориглосон байдаг. Гэхдээ зөвхөн сонгуулийн жил эхэлснээс хойш гэж байгаа юм. Энэ хуулийг боловсруулах нь амаргүй бөгөөд цаг хугацаа их орж байгаа. Учир нь санал худалдан авах төрөл зүйл нь олон янз болсон юм билээ. Илрүүлэхэд хэцүү маш их башир аргаар санал худалдан авалтыг хийж байгаа юм. Аминдаа л "Энэ бол санал худалдан авалт мөн" гэж тусгаж буй ч шинэ аргууд гарч ирээд л байна. Бид сонгуулийн үеэр санал худалдан авсан кейсүүд, шалгагдаж байсан хэргүүдийг авч үзэж байгаа. Үндсэндээ хоёр чиглэлээр санал худалдан авалтыг явуулж байна. Хувь хүн буюу хувиараа нэр дэвшигч, горилогч, завдагч, улс төрч өөрийнхөө эсвэл гуравдагч этгээд буюу найз нөхдийнхөө мөнгө эсвэл хүч нөөцөөр санал худалдан авч байна. Нөгөөх нь мөн хувь хүн мөртлөө төрийн мөнгөөр санал худалдан авч байна шүү дээ. Иргэдийн төлөөлөгчид, УИХ-ын гишүүд төсөвт төсөв суулгаад түүгээрээ санал худалдан авч байгаа юм. Бас өөр нэг зүйл нь төр өөрөө буюу тухайн үеийн эрх баригч нам Засгийн газрын нэрийн өмнөөс улс, нийслэл, төрийн өмчит компаниудын төсөв хөрөнгө, нөөцөөр сонгогчдын саналыг худалдан авч байна. Гаднаас нь харахад Засгийн газрын үйл ажиллагаа мэт боловч яг цаад гүндээ тухайн эрх баригч нам сонгогчдын саналыг татаж буй хэлбэр. Жишээлбэл, "Шинэ хоршоо" хөдөлгөөн, Ахмадын зээлийг тэглэх, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудыг гэнэт тэтгэлэгтэй болгодог гэх мэт олон жишээ байна. Төрийн албаны цалинг сонгуулийн өмнө нэмж байгаа нь хүртэл төсвийн хөрөнгө, хүчийг ашиглаж сонгуульд нөлөөлөх зорилготой гэж ойлгож байна.
-Чуулганы хуралдаан завсарласан энэ үед УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар тойрогтоо ажиллаж байна. Нэгэн сайд өөрийнх нь яамны шугамаар орж ирсэн төсөл хөтөлбөрт тойргийн эмэгтэйчүүдээ хамруулна гэж ярьж байна. Энэ санал худалдан авалт мөн үү. Мөн өмнөх сонгуулийн өмнө Д.Амарбаясгалан сайд өөрөө авторлаад "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ хөдөлгөөний хүрээнд малчдад зээлийг хавтгайруулан олгосон. Дээрх үйл ажиллагаа нь өнөөдөр эдийн засагт сөрөг үр нөлөө авчраад явж байх жишээтэй байна шүү дээ?
-Тиймээ. Энэ бүгд санал худалдан авалт мөн. "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг сонгууль болохоос хоёр, гуравхан сарын өмнө зарласан. Энэ бол цэвэр малчдын саналыг татах гэсэн хэлбэр. Мэдээж, малчид "Өө энэ яасан сайхан Засгийн газар вэ. Надад ийм бага хүүтэй зээл олгосон юм чинь энэ Засгийн газраа дэмжинээ" гэнэ биз дээ. Харахад бол Засгийн газрын хөтөлбөр. Цаанаа бол төсвийн мөнгө тарааж санал худалдаж авч буй хэлбэр.
-Ажлын хэсэг энэ долоо хоногт анхны хуралдаанаа хийсэн. Танай ажлын хэсэгт ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?
-Ажлын хэсэгт маш олон салбарт ажилладаг олон мэргэжлийн хүн багтсан. Мэдээж мэргэжлийн улс төр судлаач, их сургуулийн багш байна. Сонгуулийн үеийн авлигал гэдэг утгаараа Сонгуулийн ерөнхий хорооноос төлөөлөл багтсан. Мөн авлигал гэдэг утгаараа АТГ, ЦЕГ-аас хүртэл мэргэжилтэн ажиллаад явж байгаа.
-Та сонгуулийн үеийн авлигалыг кейсүүдтэй танилцаж байгаа гэлээ. Тэр бүрд хуулийн ямар хариуцлага оногдуулсан байдаг юм бол?
-Хуулиар хориглосон байхад мөнгө, бэлэг тараадаг. Тэр нь гомдол болж ирэхэд хэн хариуцлага хүлээсэн юм гэдэг судалгааг бид харсан. Тэр судалгаагаар хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Ярвигтай нь гуравдагч этгээдээр дамжуулаад мөнгийг тараадаг юм байна.
Түүнийг нь шүүх, цагдаагаар шалгахаар нэр дэвшигч өөрөө биш түний туслах эсвэл найз нөхөд нь сайн дураараа тараасан болж таардаг. Ингээд ирэхээр хэрэг хүлээлгэж, хариуцлага тооцох ямар ч боломжгүй болчхож байгаа юм.
-САНАЛ ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДВОЛ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ЭРГҮҮЛЭН ТАТАГДАХАД ХҮРНЭ-
-Тэгвэл таны хуулинд ямар хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бэ?
-Ардчилал тогтсон улсад санал худалдан авна, эд зүйл тараана гэсэн ойлголт бүр байхгүй болсон. Тэгэхээр санал худалдан авахад чиглэсэн үйлдлийг эхэлж тогтооно. Хэрвээ чиглэсэн л байвал түүнийг санал худалдан авч байна гэж үзнэ. Санал худалдан авахад чиглэсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Өнөөдрийн нөхцөлд юу болдог вэ гэхээр заваарч явсаар байгаад сонгууль болдог. Тэгээд мөнгө тараасан талаар нь гомдол мэдүүлээд шүүх, цагдаагаар явж байх үед нөгөө хүн нь тангарагаа өргөдөг. Тангараг өргөсөн бол эргүүлэн татах процесс руу ордог.
Одоогийн хуулиар УИХ-ын гишүүнд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэггүй юм байна. Харин Эрүүгийн гэмт хэрэг л үйлдсэн байвал эргүүлэн татаж шалгана гэж хуульчилсан. Прокурорын саналаар эргүүлэн татаж шалгана. Тогтоогдвол эргүүлэн татагдаад ялаа авна. Заавал Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдвэл л эргүүлэн татагдаж байгаа биз. Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх ямар ч боломжгүй байдаг.

Тиймээс санал худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Гол ялгаа нь зөвхөн сонгуулийн жил хориглосон үйлдлийг бүхий л цаг хугацаанд гэж тодотгож өгч байгаа. Хориглосон зүйлийг УИХ-д нэр дэвших гэж буй хүмүүс хэзээ ч хийж болохгүй.
-ХЭСГИЙН АХЛАГЧ, УХУУЛАГЧ НАРЫГ БОЛИУЛНА-
-Манайхан их зальтай. МАН бол бүтэн схем угсарсан. Түүний хамгийн доод нэгж нь хэсгийн ахлагч нар. Тэд нар хорооныхоо хэсэг бүлэг айлуудыг хариуцаад бүхий л жилүүдэд нийгмийн халамж, бэлэг сэлтээр угждаг. Эцэст нь МАН-аа сонгоорой гэж уриалдаг. Дөрвөн жил тэтгүүлсэн иргэд МАН-ыг сонгодог ийм л чөтгөрийн тойргоос гарч чадахаа больчхоод байна шүү дээ?
-Төрийн хүч, нөөц, бүтцийг ашиглаж санал худалдан авч байгаа юм. Тарааж байгаа эд зүйлсийг төрөөс эсвэл хувь хүн өгч байгаа. Харин тарааж байгаа нь хэсгийн ахлагч нар болж байна. Хэсгийн ахлагч нар нь төрийн албан хаагчид биш. Зорилго нь цэвэр дээрх ярьж буй ажлыг гүйцэтгэдэг. Хороон дээр нийгмийн ажилтан ажиллаж байхад чиг үүргийн давхардал гаргаж хэсгийн ахлагч ажиллуулах шаардлагагүй. Цахим үндэстэн болсон үед бүртгэлийг асуудалгүй хийх боломжтой. Харин хэсгийн ахлагч нар далд бүртгэл хийж хэн, ямар асуудалтай вэ түүнийг нь яаж шийдэх вэ гэдгийг нэг намд хэлж өгч байна. Тэгэхээр бид нарын хуулинд сонгуулийн үеийн процессыг хольж хутгаагүй. Тиймээс хэсгийн ахлагч, ухуулагч нарыг болиулах асуудлыг Сонгуулийн тухай хуулинд оруулахаар болсон. Ухуулагч нартай холбоотой ноцтой кэйс ч бий. Нэг нэр дэвшигч 2000 ухуулагч аваад тэдэнтэй байгуулсан ажлын гэрээгээ бүгдийг цуцлаад дахиад 2000 ухуулагч авсан байна. Ийм залийг хүртэл ашигладаг. Тэр нэр дэвшигч нийт 4000 ухуулагчтай ажилласан байна шүү дээ.
-Сонгуулийн жил хувьцаа тараадаг жишиг бол нийтлэг шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-2020 онд сонгууль болохоос хоёрхон сарын өмнө хувьцаа тараасан шүү дээ. Огт тараахгүй байж байснаа гэв гэнэт ногдол ашиг тараасан.
Тэгэхээр үүнийг хориглохоос өөр аргагүй. Төрийн ажил явалгүй яахав. Засгийн газар сонгуулийн жил гэв гэнэт хувьцаа тараах, зээл тэглэх, зээл тараах үйл ажиллагааг хийж болохгүй. Харин хувь нэр дэвшигч дөрвөн жилд ямарваа байдлаар ийм ажил хийж болохгүй.
Сонгуулийн тухай хуулинд зээл тэглэх, хувьцаа тараахыг амлаж болохгүй гэж заасан байхад манайхан бүр хийдэг. Тэгэхээр хуульчилж дээрх үйлдлийг хориглож өгөхгүй бол болохгүй. Гол нь нийгэмд гарах хортой үр дагавар нь их юм. Маш их мөнгө зарцуулж УИХ-ын гишүүн болдог. Тэр хүн эргээд мөнгөө олж авахын тулд ажилладаг гэж шүүмжлэл байдаг. Тэгэхээр үүнийг таслан зогсоохоос өөр аргагүй.
-Ярилцсанд баярлалаа