Венесуэл улс АНУ-д 50 сая баррель хүртэлх газрын тос "өгөх" болно гэж Д.Трамп мэдэгджээ

Венесуэл улс АНУ-д 50 сая баррель хүртэлх газрын тос "өгөх" болно гэж Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Венесуэлийн удирдагч Николас Мадурог засгийн эрхээс нь буулгасан цэргийн ажиллагааны дараа тус улс АНУ-д 50 сая баррель хүртэлх газрын тос “өгнө” гэж мэдэгджээ.

Д.Трамп олон нийтийн сүлжээнд нийтлэхдээ уг газрын тосыг зах зээлийн үнээр борлуулж, орлогыг өөрөө хянах бөгөөд энэ нь Венесуэл болон АНУ-ын ард түмэнд ашигтай байх болно хэмээн онцолсон байна. Мөн тэрээр АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл Венесуэлд 18 сарын дотор “ажиллаж эхэлнэ” гэж мэдэгдэж, тус улсад асар их хэмжээний хөрөнгө оруулалт татагдана гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Гэсэн ч шинжээчид Венесуэлийн газрын тосны үйлдвэрлэлийг сэргээхэд хэдэн арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, магадгүй арван жил хүртэл хугацаа шаардагдана гэж байгаа юм.

Д.Трамп өчигдөр /2026.01.06/ Truth Social платформдоо “Венесуэлийн түр эрх баригчид 30-50 сая баррель өндөр чанартай газрын тосыг АНУ-д шилжүүлнэ гэдгээ зарласанд баяртай байна. Энэ газрын тосыг зах зээлийн үнээр худалдаалж, орлогыг АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд би хянаж, хоёр улсын ард түмэнд ашиг тусаа өгнө” хэмээн бичжээ.

Түүний энэхүү мэдэгдэл нь Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригес түр ерөнхийлөгчийн тангараг өргөсний маргааш нь гарсан байна. Даваа гарагт Д.Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа “Венесуэл газрын тос үйлдвэрлэгч орон байх нь АНУ-д ашигтай. Учир нь энэ нь дэлхийн газрын тосны үнийг бууруулна” гэжээ. Мөн АНУ-ын томоохон газрын тосны компаниудын удирдлагууд энэ долоо хоногт Д.Трампын засаг захиргаатай уулзахаар төлөвлөж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC