Энэ оны есдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсад нэгэн сонирхолтой спортын эвентийг холимог тулааны "MFC" холбоо зохион байгуулсан билээ. Тус эвентийн хувьд ямар ч бээлийгүй нүцгэн гараар тулалддаг бөгөөд анх удаа зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог болсон юм. Тэгвэл манай сайт энэ удаа Social ID булангийн зочноор тус эвентийн оргил тулаанд нэрлэгдэж эр зориг, хүч чадал, тэсвэр тэвчээрээ сорин тулалдсан тулаанч Г.Гантулга буюу "Bull"-тай нүцгэн гараар тулалдсан тулааны талаар болон дараагийн тулааных нь талаар ярилцлаа.
ВИДЕО:
-Сайн байна уу. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу.
Сайн байна уу. Намайг Г.Гантулга гэдэг. Би 1992 онд Дорнод аймагт төрж байсан. Намайг хүмүүс "Bull" гэдэг нэрээр маань сайн танина.
-Тулаан сонирхогчдын дунд таны "Bull" гэх нэрийг тань янз бүрээр л тайлбарладаг. Таныг энэ нэрээр хэн анх дуудаж байсан бэ?
Би анх "Red bull" гэдэг клуб дээр бэлтгэл хийдэг байсан. Үүнээс эхлээд л хүмүүс намайг "Bull" хэмээн дуудаж эхэлсэн. Бух бол урагшаа дайрдаг, ухрашгүй, зоригтой амьтан учраас би энэ нэрэндээ дуртай байдаг.
-Таны хувь нүцгэн гарын тулаанд гурван удаа ялж, нэг удаа ялагдаж байсан. Тэгвэл өмнөх тулаануудынхаа талаар та дурсаач.
Миний тулааны онцлог гэвэл би их хүнд гартай. Ихэвчлэн хүнд цохилтоор тулаандаа ялдаг. Харин ялагдсан тухайн тулаанд өрсөлдөгч маань ухарсаар байгаад намайг оноогоор ялж байсан.

-"MFC" холбоо анх удаа нүцгэн гарын тулааныг зохион байгууллаа. Энэ тулааны онцлог нь юу байдаг вэ?
"MFC" холбоо тэргүүнээр н.Энхтөр гэдэг залуу ажилдаг. Энэ нүцгэн гарын тулааныг анх удаа хуулийн дагуу Монгол Улсад анх удаа зохион байгуулсан. Тус тулаанд би өөрөө оролцож, түүх бүтээлцсэндээ үнэхээр баяртай байгаа.
-Тулааны үеэр таны хөмсөг задраад цус нэлээдгүй гарч байгаа харагдсан. Тэр үдэш болсон тулаан дээр юу болсон бэ?
Нүцгэн гараар тулалдаж байгаа болохоор цохилтууд маш иртэй, хурц байдаг. Тийм ч учраас эхний үед миний баруун хөмсөгний дээд тал задарчихсан. Үүнээс шалтгаалан нүд цус ороод баруун талаас ирж байгаа цохилтуудыг харж чадахгүй олон цохилтууд алдсан тийм л тулаан болсон доо.
-Тантай тулалдсан Б.Төгөлдөр нүцгэн гарын тулаан 4 ялж, нэг ч ялагдаагүй яваа тамирчин. Тулалдахад хэр хүнд байсан бэ?
Би Б.Төгөлдөрийг өмнө нь мэддэг байсан. Манай Төгөлдөр хүчтэй, бяртай, тэвчээртэй, авьяастай юм юмтай тулаанч. Хоёр өндөр зэрэглэлийн тамирчин нүцгэн гараар тулалдана гэдэг бол маш хүнд зүйл. Тийм учраас бид хоёр сайхан тулалдаад л дуусгасан.

-Тулааны өмнө хийдэг гэрээ хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг шүү дээ. Тус гэрээн дээр нууц биш бол ямар заалтууд байдаг вэ?
Тулаан болгон дээр хийгдэж байгаа заалтууд өөр өөр байдаг. Үхсэн ч гомдолгүй гэдгээс эхлээд асар олон заалтууд байдаг. Тамирчид тулаанд орхоосоо өмнө гэрээгээ маш сайн уншиж байх хэрэгтэй гэж боддог.
-Та Б.Төгөлдөр тулаанчтай дахин тулалдах бодолтой байгаа юу?
Би энэ тулаанд дээр хэдий ялагдсан ч гэсэн үргэлжлүүлээд хэнтэй ч тулалдахад бэлэн байна. Тэр тэмцээн тэндээ үлдэнэ миний бэртэл ямар ч асуудалгүй эдгэчих учраас маргааш тулалдсан ч болж байна.
-Таны хувьд тулааны хажуугаар маш гоё студитэй юм байна. Таны студи ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
Манай студи бол фото, видео хийдэг. "Ariunaa Suri" хувцасны брэнд манай студид байгаа. Мөн би энэ зааландаа боксын VIP сургалт явуулдаг.
