Өмнөд Солонгос улс  АНУ руу 60 мянган оношлуур илгээхээр болжээ

Өмнөд Солонгос улс АНУ руу 60 мянган оношлуур илгээхээр болжээ

Өмнөд Солонгосын засгийн газар маргааш /2020.04.14/ АНУ руу 600 мянган ширхэг коронавирусийн оношлуур илгээх болсныг Сөүлийн албаны хүн өнөөдөр мэдээлжээ. Оншлуурыг АНУ-ын Холбооны Онцгой Байдлыг Удирдах Газрын нисэх онгоц маргааш оройн 10:30 цагт тээвэрлэн Сөүлээс хөөрөхөөр болсон байна.

Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтээр нийлүүлж буй оношлуурын эхний хэсэг юм байна. Өнөөдөр АНУ-ын бүх мужид шинэ коронавирусийн халдвар эрчимтэй тарж, оношлуур, эмнэлгийн хамгаалах хэрэгсэл дутагдалтай болсон.

Гуравдугаар сарын 25-ны өдөр Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй утсаар ярихдаа оношлуур нийлүүлэх хүсэлт тавьж байжээ. АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн сард Өмнөд Солонгосын оношлуур үйлдвэрлэгч гурван компанид экспортын зөвшөөрөл урьдчилан олгосон юм. Тэдгээрийн хоёрынх нь бүтээгдэхүүн энэ удаагийн ачаанд багтаж байгаа гэнэ. Ачааны бүх зардлыг АНУ-ын засгийн газар гаргаж байгааг албаны эх сурвалж баталжээ.

Шинэ коронавирусийн тахалд түрүүлж нэрвэгдсэн Өмнөд Солонгос, Хятад улсуудын нөхцөл байдал сайжирснаар дэлхийн бусад улс орнуудад өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж, мэдлэг туршлагаа хуваалцдаг болоод байна. Өнөөдрийн байдлаар АНУ-д халдварын нийт 550,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 22 мянга гаруй хүн нас бараад байна.

Эх сурвалж:Reuters