Венесуэлийн удирдагч асан Николас Мадуро Нью-Йорк хотын холбооны шүүхийн танхимд ормогцоо сэтгүүлчид болон олон нийтэд өөрийгөө “хулгайлагдсан” хэмээн мэдэгджээ. Харин шүүгч Алвин Хеллерштейн шүүх хурал эхлэхийн тулд түүний хэн болохыг баталгаажуулахыг хүссэн байна.
Энэ үеэрээр тэрээр “Би бол Николас Мадуро. Би Венесуэлийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч. Нэгдүгээр сарын 3-наас хойш энд хулгайлагдсан байдалтай байна” хэмээн маш тайван хоолойгоор испани хэлээр хэлсэн бөгөөд орчуулагч нь түүнийг үгийг дамжуулж амжаагүй байхад нь үргэлжлүүлэн “Намайг Каракас дахь гэрээс баривчилсан” гэжээ.
Үүнд шүүгч А.Хеллерштейн “энэ бүхнийг хэлэх цаг, газар бий” хэмээн товчхон анхааруулжээ.
Даваа гараг /2026.01.05/-ийн үдээс хойш 40 орчим минут үргэлжилсэн шүүх хурлын үеэр Н.Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нар хар тамхи, зэвсэгтэй холбоотой бүх хэрэгт гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн байна. “Би гэм буруугүй. Би ёс зүйтэй хүн” гэж Н.Мадуро хэлсэн бол С.Флорес өөрийгөө “бүрэн гэм буруугүй” хэмээн нэмж мэдэгдсэн байна. Өдгөө 63 настай С.Флорес болон Н.Мадуро нарыг Бямба гарагт болсон гэнэтийн ажиллагааны үеэр АНУ-ын тусгай хүчнийхэн баривчилж, дараа нь Нью-Йорк дахь холбооны шоронд шилжүүлсэн юм.
Сонсголын үеэр тэд цэнхэр, улбар шар өнгийн шоронгийн хувцас өмсөж, испани хэл дээрх орчуулгыг сонсохын тулд чихэвч зүүсэн байжээ. Тэдний дунд өмгөөлөгч нь сууж байсан бөгөөд Н.Мадуро шар өнгийн дэвтэр дээр нямбайлан тэмдэглэл хөтөлж, сонсголын дараа дэвтрээ авч явах боломжтой эсэхийг шүүгчээс асуужээ. Өмнө нь Шон “Дидди” Комбсыг шүүн ялласан байсан шүүх танхимд Н.Мадуро орж ирэхдээ үзэгчдийн хэд хэдэн гишүүн рүү толгой дохин мэндчилж байжээ.
Шүүх хурал үргэлжлэх явцад болон төгсгөлд нь шүүх хуралд сууж байсан хүмүүсийн дундаас нэгэн эр гэнэт “чи гэмт хэргийнхээ төлөөсийг төлнө” хэмээн хашхирсан ч Н.Мадуро тайван, ямар нэг илэрхийлэлгүй байсан байна.
Тэрээр “Би ерөнхийлөгч, би дайны хоригдол” хэмээн тэр эр рүү испани хэлээр хариу хашхирсан бөгөөд улмаар тухайн хүнийг танхимаас гаргасан байна. Н.Мадурогийн засаг захиргааны талаар удаан хугацаанд сурвалжилж ирсэн Венесуэлийн сэтгүүлч Майборт Петитын хэлснээр, Н.Мадурог баривчлах үеийн АНУ-ын пуужингийн цохилт Каракас хот дахь Фуэрте Тиунагийн ойролцоох түүний гэр бүлийн байшинд хохирол учруулсан. Тэрээр хуучин удирдагчаа АНУ-ын хамгаалалт дор, шоронгийн хувцастайгаар шүүхэд орж ирэхийг харах нь итгэмээргүй байсан хэмээн ярьсан байна.
С.Флорес баривчлагдах үеэрээ авсан гэмтлийн улмаас нүд, дух орчмоороо боолттой байсан бөгөөд шүүх хурлын ихэнх хугацаанд чимээгүй сууж байжээ. Өмгөөлөгчид нь түүний хавирга хөхөрсөн, хугарсан байж болзошгүй тул рентген шинжилгээ зэрэг зохих эмчилгээ хийлгэх хүсэлт тавьсан байна.
Эхний шатанд Н.Мадуро болон түүний эхнэр батлан даалтад гарах хүсэлт гаргаагүй ч дараа нь хүсэлт гаргасан бөгөөд одоогоор холбооны цагдан хорих байранд хоригдсоор байгаа аж. АНУ-ын эрх баригчид Н.Мадурог мансууруулах бодистой холбоотой терроризмы, кокаин импортлох хуйвалдаан, хор хөнөөлтэй төхөөрөмж эзэмшсэн, мөн тэдгээрийг эзэмших хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа аж. Түүнчлэн түүний эхнэр, хүү болон бусад хэд хэдэн хүнийг тус хэрэгт хамтад нь буруутгасан бөгөөд дараагийн шүүх хурал ирэх гуравдугаар сарын 17 /2026.03.17/-нд болохоор товлогджээ.
Эх сурвалж: BBC