Венесуэлийн түр ерөнхийлөгч, "венесуэлчүүдэд дайн бус, энх тайван, яриа хэлэлцээ хэрэгтэй” гэж мэдэгджээ

Венесуэлийн түр ерөнхийлөгч, "венесуэлчүүдэд дайн бус, энх тайван, яриа хэлэлцээ хэрэгтэй” гэж мэдэгджээ

АНУ-ын цэргийн хүч Бямба гараг /2026.01.03/-ийн өглөө Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн гэрт тусгай ажиллагаа явуулж, түүнийг эхнэрийнх нь хамт баривчилсан. Тэднийг АНУ руу шилжүүлсэн бөгөөд тэднийг өнөөдөр /2026.01.05/-өөс эхлэн Нью-Йорк хотын шүүхэд хар тамхи, зэвсгийн холбогдолтой хэд хэдэн хэрэгт дуудагдах төлөвтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп АНУ Венесуэлийн удирдлагад оролцож, тус улсын газрын тосны дэд бүтцийг хариуцна гэж мэдэгдсэн бол Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэхүү ажиллагаа нь Венесуэлтэй дайн зарласан хэрэг биш гэдгийг онцолсон юм. 

Харин Венесуэлийн шинэ түр ерөнхийлөгчөөр Н.Мадурогийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Делси Родригес томилогдсон бөгөөд тэрээр АНУ-ын засгийн газрыг хамтын ажиллагаанд уриалж, венесуэлчүүдэд “дайн бус, энх тайван, яриа хэлэлцээ хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн юм.

Вашингтон Венесуэлд хэдэн сарын турш улс төр, эдийн засгийн дарамт үзүүлсний эцэст энэ нөхцөл байдал үүссэн бөгөөд Д.Трамп Мадурог хар тамхины наймаа болон “наркотерроризм”-той холбоотой гэж буруутгаж байгаа юм. 

Эх сурвалж: BBC