АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Венесуэлийн шинэ удирдагч Делси Родригест хандан “хэрэв зөв зүйл хийхгүй бол асар их үнэ төлнө, магадгүй Николас Мадурогоос ч илүү” хэмээн анхааруулжээ. Тэрээр энэхүү мэдэгдлээ "The Atlantic" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд уг тайлбар нь Венесуэлийн огцорсон ерөнхийлөгч Николас Мадуро Нью-Йоркт болох шүүх хуралд оролцохоор болсон явдалтай холбоотой аж.
АНУ Н.Мадурог хар тамхи, зэвсгийн гэмт хэрэгт буруутгаж, түүнийг “наркотеррорист дэглэм”-ийг удирдаж байна гэж үзэж байгаа ч Н.Мадуро энэхүү буруутгалыг үгүйсгэсээр ирсэн юм.
Харин Н.Мадурогийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Делси Родригес өчигдөр /2026.01.04/ болсон Засгийн газрын анхны хуралдаанаар АНУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, эвлэрэлд уриалсан өнгө аяс гаргасан. Тэрээр, “Бид АНУ-ын засгийн газрыг олон улсын эрх зүйн хүрээнд, хамтын хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааны хөтөлбөр дээр бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Венесуэлийн Дээд шүүх болон армийн дэмжлэгтэйгээр Д.Родригес өнөөдөр /2026.01.05/ Каракас хотод орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагт ерөнхийлөгчийн тангараг өргөхөөр болжээ.
Үүнээс өмнөхөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Бямба гараг /2026.01.03/-т Каракаст хийсэн агаарын цохилтын дараа Н.Мадуро болон түүний эхнэрийг баривчилж, АНУ руу авчирсан ч “АНУ Венесуэлтэй дайн зарлаагүй” хэмээн мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Ардчилсан намын зарим хууль тогтоогч энэхүү ажиллагааг “дайны шинжтэй үйлдэл” гэж шүүмжилжээ.
Иймд Ням гараг /2026.01.04/-т "The Atlantic" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Д.Трамп Д.Родригесийн талаар ярихдаа, “Хэрэв тэр зөв шийдвэр гаргахгүй бол маш их үнэ төлөх болно. Магадгүй Н.Мадурогоос ч илүү” хэмээн хэлжээ. Тэрээр мөн “ямар ч нэр өгсөн бай одоогийн дэглэмээс өөрчлөлт хийх нь дээр. Үүнээс дор байж болохгүй” гэжээ.
Д.Трамп Бямба гарагт АНУ Венесуэлд “аюулгүй, зохистой, ухаалаг шилжилт” бий болтол тус улсыг “удирдах” боломжтой гэж мэдэгдсэн бөгөөд АНУ-ын газрын тосны компаниуд Венесуэлд орж, дэд бүтцийг сэргээж, эдийн засгийг хөдөлгөнө хэмээн амласан юм.
Гэсэн ч Н.Мадурог дэмжигчид болон холбоотнууд нь одоог хүртэл засаглалын чухал байгууллагуудыг хянасан хэвээр байгаа аж. Кубын засгийн газар АНУ-ын ажиллагааны үеэр Н.Мадуро болон түүний эхнэрийг баривчлах явцад Кубын 32 “зоригт дайчин” амь үрэгдсэн гэж мэдэгдэж, хоёр өдрийн үндэсний гашуудал зарлажээ. Ням гарагийн өглөө Марко Рубио АНУ-ын телевизүүдээр өгсөн ярилцлагуудадаа Венесуэл дэх цэргийн ажиллагааны талаар, “Бид хар тамхины наймаа эрхэлдэг байгууллагуудын эсрэг тэмцэж байна. Энэ бол Венесуэлийн эсрэг дайн биш” гэж онцолжээ. Мөн тэрээр хэрэв Венесуэл “зөв шийдвэр гаргахгүй” бол АНУ ашиг сонирхлоо хамгаалахын тулд олон төрлийн дарамтын арга хэрэгслийг хадгална, үүнд Венесуэлийн газрын тосонд тавьсан хориг багтана гэдгийг анхааруулсан байна.
Мөн Д.Трамп Венесуэлийн хөрш Колумбын талаар хатуу байр суурь илэрхийлж, цэргийн ажиллагаа явуулахыг бүрэн үгүйсгээгүй бөгөөд Колумбын ерөнхийлөгч Густаво Петрог шүүмжилсэн мэдэгдэл хийжээ.
2013 оноос хойш Венесуэлийг удирдаж байсан Н.Мадуро сөрөг хүчнээ хавчин гадуурхаж, хүч хэрэглэсэн гэх шүүмжлэлд удаа дараа өртөж ирсэн юм. Түүнийг 2024 оны сонгуульд хууль бусаар ялсан гэж дотоодын сөрөг хүчин болон олон улсын зарим засгийн газар үздэг. Н.Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарыг Бямба гарагт цэргийн баазуудад цохилт өгсөн тусгай ажиллагааны үеэр баривчилж, АНУ руу шилжүүлсэн бөгөөд тэд зэвсэг, хар тамхины хэрэгт буруутгагдаж, өнөөдөр Нью-Йоркийн шүүхэд дуудагдахаар болжээ. Н.Мадуро өөрийгөө картелийн удирдагч гэдгийг үгүйсгэж, АНУ-ын “хар тамхины эсрэг дайн” өөрийг нь огцруулж, Венесуэлийн газрын тосыг хяналтдаа авах шалтаг болгон ашиглаж байна хэмээн буруутгасан хэвээр байгаа аж.
Эх сурвалж: BBC