ВИДЕО: Венесуэлийн иргэд Н.Мадурог баривчилсанд итгэл найдвар, санаа зовнилтой хандаж байна гэжээ

ВИДЕО: Венесуэлийн иргэд Н.Мадурог баривчилсанд итгэл найдвар, санаа зовнилтой хандаж байна гэжээ

Каракас хотод нөхцөл байдал аажмаар намжиж буй энэ үед Венесуэлчууд Ерөнхийлөгч Николас Мадурог АНУ баривчилсан тухай мэдээнд итгэл найдвар, айдас, тодорхойгүй мэдрэмжийг зэрэгцүүлэн хүлээн авч байна гэж BBC агентлаг мэдээлжээ.

ВИДЕО: 

Дэлбэрэлт болсон шөнийн дараа Каракасын хөндийд хүмүүс гудамжинд гарч, баяр хөөрөөс эхлээд эрс эсэргүүцэл хүртэлх янз бүрийн уур амьсгал ажиглагджээ. Нутгийн оршин суугч Дина BBC агентлагт ярилцлага өгөхдөө, Н.Мадурог “эндээс авч явсанд” АНУ-д талархаж байгаагаа илэрхийлээд, “ядаж л хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж хэлсэн байна. Гэсэн ч улс төрийн нөхцөл байдал хурц хэвээр байгаа тул тэрээр жинхэнэ нэрээ нууцлахыг хүсчээ.

Мөн Каракасын ойролцоо амьдардаг өөр нэг иргэн Хорхе BBC агентлагт ярилцлага өгөхдөө, Д.Трамп болон АНУ-ын дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлсэн ч ойрын өдрүүд амаргүй байх вий гэсэн болгоомжлол байгааг дурдсан байна. Мөн тэрээр, “одоо энэ хүнийг авч явсны дараа юу болох вэ. Энэ нь бидэнд ямар нэг баталгаа өгч байгаа хэрэг биш. Тиймээс тодорхойгүй байдал хэвээр байна” хэмээн хэлжээ.

Нөгөө талд, Н.Мадурог дэмжигчид ч Каракасын гудамжинд жагсаж, АНУ-аас түүнийг суллахыг шаардсан байна. Каракасын хотын дарга бөгөөд засгийн газрын үнэнч дэмжигч Кармен Мелендез Н.Мадурог “хүн хулгайлсан” явдал хэмээн нэрлэсэн уг ажиллагааг эсэргүүцэн жагсаалд нэгдсэн байна.

Өчигдөр /2026.01.03/ өглөө Ерөнхийлөгч Д.Трампын удирдлага дор АНУ-ын хүчин Венесуэлийн нийслэлд хэд хэдэн зорилтот цохилт өгч, улмаар тус улсын удирдагчийг баривчилсан юм. АНУ Н.Мадурог “наркотеррорист” дэглэмийг удирдаж байна хэмээн буруутгаж байгаа бөгөөд түүний өрсөлдөгчид болон олон улсын ажиглагчид Венесуэлийн 2024 оны сонгуулийг хууль бус болсон гэж үздэг юм. 

2013 оноос хойш Венесуэлийн төрийн эрхийг барьж, Нэгдсэн Социалист Намыг тэргүүлж ирсэн Н.Мадуро сөрөг хүчнийг дарамталж, эсэргүүцлийг хүч хэрэглэн намжаасан хэмээн олонтаа буруутгагдаж байсан нэгэн.

Түүнийг эхнэрийнх нь хамт хар тамхи, зэвсгийн наймаатай холбоотой хэргээр Нью-Йорк хот руу шилжүүлсэн байна. Д.Трамп АНУ Н.Мадурогийн оронд байнгын удирдагч тодрох хүртэл улс орныг удирдаж, газрын тосны нөөцийг хянана гэж мэдэгдээд байна.

Н.Мадуро өөрийг нь хар тамхины наймаатай холбоотой гэх АНУ-ын буруутгалыг өмнө нь удаа дараа няцааж байсан. Гэсэн ч түүний явсанд талархаж буй иргэдийн дунд ч айдас, эргэлзээ хэвээр байгааг Венесуэлийн хэд хэдэн иргэн BBC агентлагт ярьжээ. Тухайлбал, Венесуэлийн иргэн Дина Ерөнхийлөгч Д.Трампад бүрэн итгэхгүй байгаагаа нуугаагүй. Тэрээр BBC агетнлагт ярилцлага өгөхдөө, “Тэр өнөөдөр нэг зүйл хэлээд маргааш бодлоо өөрчилж магадгүй. Би түүний үгийг нухацтай хүлээж авдаггүй” гэжээ. Харин Н.Мадуро баривчлагдсаны дараа  Д.Трампын хэлсэн үгнээс “ганц сайн зүйл” нь АНУ Венесуэлд хөрөнгө оруулж, эдийн засгийг нь сэргээхэд тусална гэсэн найдвар гэж Динад төрсөн байна. 

Венесуэлд Н.Мадурог шүүмжлэх нь одоо ч аюултай хэвээр байгаа аж. Засгийн газрыг дэмжигчид давамгайлдаг Үндэсний Ассемблей хэдхэн долоо хоногийн өмнө АНУ-ын тэнгисийн цэргийн хоригийг дэмжсэн хэнийг ч “урвагч” гэж зарлах хууль баталжээ.

Хорхе гэх иргэн өчигдөр засгийн газар болон Н.Мадурог дэмжигч хагас цэргийн бүлэглэл болох "colectivo"-ийн мотоциклчид галт зэвсэг барин гудамжаар тэнүүчилж байхыг харсан гэж хэлжээв Тэрээр, “Одоо талх авах гэж гадагш гарахаас ч айж байна” гээд “Бид хамгийн сайныг найдаж, тэвчээртэй байх хэрэгтэй” гэжээ. Мөн тэрээр Н.Мадурогийн холбоотон, Дотоод хэргийн сайд Диосдадо Кабеллогийн нөлөөнд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Венесуэлийн Пунто Фижо хотод амьдардаг Сандра гэх иргэн Н.Мадуро огцорсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн ч ирээдүй болон энэ үйл явдал цөллөгт байгаа венесуэлчүүдэд юу авчрах бол гэсэн асуулт нээлттэй хэвээр байгааг онцолсон байна. Н.Мадуро эрх барьснаас хойш Венесуэлээс ойролцоогоор найман сая хүн дүрвэсэн бөгөөд тэдний олонх нь амьдарч буй хотууддаа түүний баривчлагдсаныг ил тод тэмдэглэж байна.

Тэрээр “цөллөгт байгаа сая сая хүний зэрэгцээ сураггүй болсон, шоронд хоригдсон, амь үрэгдсэн эсвэл зүгээр л амьд үлдэх гэж тэмцсэн хүмүүс бий. Энэ бол ямар ч улс орон бүрэн туулж үзээгүй жинхэнэ эмгэнэлт явдал” хэмээн хэлжээ. Мөн Сандра “энэ бол зөвхөн эхлэл. Цаашдаа урт зам байгааг бид ойлгож байна. Венесуэлчүүдийн уй гашууг ийм хэмжээнд өмнө нь ямар ч улс орон сонсож байгаагүй” гэжээ. 

Эх сурвалж: BBC