"Н.Мадуро цайз шиг ган хаалгатай газарт байсан" гэж Д.Трамп мэдэгджээ

2026-01-04 09:58

"Н.Мадуро цайз шиг ган хаалгатай газарт байсан" гэж Д.Трамп мэдэгджээ

Николас Мадуро болон түүний эхнэр “одоо Америкийн шүүхийн өмнө хариуцлага хүлээх ёстой” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ. 

Тэрээр, АНУ-ын хүчин Н.Мадурог шүүхийн өмнө авчрахын тулд Каракасын төвд байрлах “маш сайн бэхлэгдсэн цэргийн цайз”-ын эсрэг ажиллагаа явуулсан гэжээ.  Учир нь Н.Мадуро энгийн байшингаас илүү цайз шиг, ган хаалгатай газарт байсан. Бүх талаараа цул гангаар хамгаалагдсан. Тэд үүнийгээ "аюулгүй бүс" гэж нэрлэдэг. Гэхдээ Н.Мадуро тийшээ хүрч амжаагүй. Тэр орох гэж оролдсон ч маш хурдан гэнэдүүлэн дайрсан тул тэрээр аюулгүй бүсэдээ орж чадалгүй баригдсан. 

Гэхдээ бид бүрэн бэлтгэлтэй байсан. Гангаар хамгаалсан хэсгийг нэвтлэхэд хэрэгтэй асар хүчтэй гагнуурын бамбараас эхлээд бүх зүйлийг бэлэн болгосон байсан ч ашиглах шаардлага гарсангүй" гэжээ. 

Д.Трамп уг ажиллагааг өмнө нь Ираны эсрэг, тэр дундаа цөмийн объектуудын эсрэг явуулж байсан цэргийн ажиллагаатай харьцуулсан байна. Мөн тэрээр, "дэлхийн аль ч улс өчигдөр Америкийн хүрсэн түвшний амжилтыг давтаж чадаагүй” хэмээн онцлоод Венесуэлийн бүх цэргийн хүчин уг ажиллагааны үеэр “бүрэн саармагжсан” гэж Д.Трамп мэдэгджээ. Тэрээр АНУ-ын “онцгой мэргэжлийн ур чадвар”-ын үр дүнд ажиллагааны явцад Каракас хотын цахилгаан хангамжийг тасалсан гэжээ. 

Д.Трамп болон АНУ-ын албан тушаалтнууд Венесуэлийн цохилтыг ажиглаж буй зургуудаа нийтэлжээ

Н.Мадуро болон түүний эхнэр хоёулаа одоогоор АНУ-ын Нью-Йорк мужийн Өмнөд дүүргийн шүүхэд яллагдагчаар татагдаж, АНУ болон түүний иргэдийн эсрэг чиглэсэн “үхлийн аюултай мансууруулах бодистой холбоотой терроризмын кампанит ажиллагаа” явуулсан хэрэгт буруутгагдаж байгаа аж.

Эх сурвалж: BBC

2026-01-04 09:40

ФОТО: Венесуэлийн Н.Мадурог "USS Iwo Jima" хөлөг онгоцонд суулгаж буй зургийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп олон нийтэд дэлгэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн сошиал платформ "Truth Social" дээрээ “Николас Мадуро USS Iwo Jima хөлөг онгоцонд сууж байна” гэсэн тайлбартай шинэ зургийг нийтэлсэн байна. Д.Трамп өмнө нь Fox News телевизэд ярилцлага өгөх үеэрээ тус хөлөг онгоцыг Венесуэлийн удирдагчийг АНУ-д авчрахад ашиглагдана хэмээн дурдаж байжээ. Д.Трампын нийтэлсэн гэрэл зурагт Николас Мадурод нүдний маск, чихэвч зүүлгэж, саарал өнгийн спорт хувцас өмсгөсөн байгаа нь харагдаж ажээ. 

2026-01-04 09:16

Николас Мадурог баривчилсан ажиллагааг зөвхөн АНУ-ын зэвсэгт хүчин хийх боломжтой ажиллагаа гэж онцолжээ

Венесуэлийн удирдагч Николас Мадурог АНУ-ын тал цэргийн тусгай ажиллагаа явуулж баривчилсан үйл явдал дэлхий нийтийн анхааралд орж, 1999 оноос хойш тогтсон дарангуйлал нуран унаж буй явдалд Венесуэлийн иргэд баярлаж буйг харуулсан гэрэл зураг, дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд байна. 

Энэ талаар саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Зэвсэгт хүчний хамтарсан штабын дарга, генерал Дан Кэйн нарын албаны хүмүүс мэдээлэл хийсэн байна. АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан штабын дарга, генерал Дан Кэйн энэхүү ажиллагаа бол "туйлын шийдэмгий ажиллагаа” хэмээн нэрлэж, ажиллагааны зарим төлөвлөлт, хэрэгжилтийн талаар нарийн мэдээллийг танилцуулжээ. 

Тэрбээр уг ажиллагааг “нууцлаг” бөгөөд “маш нарийн төлөвлөгдсөн” гэж тодорхойлоод, цэргүүд, далайчид, нисгэгчид, тэнгисийн явган цэргүүд болон бусад бүх нэгжүүд тагнуулын болон хууль сахиулах байгууллагуудтай нягт уялдаа холбоотой, нэгдсэн байдлаар ажиллах шаардлагатай байсан хамтарсан ажиллагаа гэдгийг онцолжээ. 

Мөн уг ажиллагаанд урьд өмнө ашиглагдаж байгаагүй тагнуулын чадавх, түүнчлэн “террористуудыг мөрдөн мөшгөсөн олон жилийн туршлага”-д тулгуурласан аргуудыг ашигласан гэдгийг нэмж хэлжээ.

Ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд Венесуэлийн удирдагч Николас Мадурогийн талаар, түүний хаана амьдарч байсан орчин, ямар хоол хүнс хэрэглэдэг байсан зэрэг хувийн мэдээллийг тогтоох зорилгоор хэдэн сарын турш үргэлжилсэн тагнуулын ажиллагаа явуулсныг тэрээр дурдсан байна.

Мөн тэрээр энэхүү ажиллагаа маш нарийн байсан гэдгийг онцлох ёстой гээд агаарт 150-аас дээш нисэх онгоц зэрэг үүрэг гүйцэтгэж, нарийн зохицолд ажилласан. Тэд зөв цаг, зөв газарт нэгэн зорилгоор цуглаж, Каракасын төв рүү мөрдөн шалгах, баривчлах хүчийг нэвтрүүлэхдээ тактикийн гэнэтийн давуу байдлыг хадгалсан. 22:46 цагт Ерөнхийлөгч тушаал өгч, "Амжилт хүсье, Бурхан та нартай байг" гэж хэлсэн бөгөөд түүний үгийг бүх хамтарсан хүчинд дамжуулсан. Шөнө дундуур нисэх онгоцнууд 20 өөр газар, далайн баазаас хөөрсөн. 

Энэхүү ажиллагааг "Absolute Resolve" гэж нэрлэсэн бөгөөд АНУ-ын цэргийн хүч аль хэдийн бэлэн байдалд байсан бөгөөд арванхоёрдугаар сарын эхнээс бэлтгэл хийж эхэлсэн. "Absolute Resolve" ажиллагаа нь нэгдүгээр сарын 2-ны хамгийн харанхуй цагуудад хэрэгжсэн. Энэ нь хэдэн сарын төлөвлөгөө, дадлагын үр дүнд гарсан зөвхөн АНУ-ын зэвсэгт хүчин л хийх боломжтой ажиллагаа байсан  гэжээ. 

Эх сурвалж: BBC