Иранд мөнгөн тэмдэгтийн уналтыг эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал олон өдөр үргэлжилж байна

Иранд мөнгөн тэмдэгтийн уналтыг эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал олон өдөр үргэлжилж байна

Ираны үндэсний мөнгөн тэмдэгт риал АНУ-ын долларын эсрэг түүхэн доод түвшинд хүрсний дараа эхэлсэн эсэргүүцлийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж, нийслэл Тегеранаас гадна Караж, Исфахан, Шираз, Язд зэрэг хэд хэдэн хотод өргөжсөн талаар BBC агентлаг мэдээлжээ. 

Тегераны Их захын худалдаачид ажил хаялт зарласнаар уг жагсаал эхэлсэн бөгөөд цагдаа нар зарим хотод нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тараахыг оролдсон байна. Ираны Засгийн газар эсэргүүцлийг “сонсох болно” гэж мэдэгдсэн бөгөөд тус улсын ерөнхийлөгч Масуд Пезешкиан жагсагчдын төлөөлөлтэй хэлэлцээ хийхийг Дотоод хэргийн сайдад үүрэг болгожээ. Мөн Төв банкны захирал Мохаммедреза Фарзиныг огцруулж, түүний орны хүнийг томилсон байна.

Эсэргүүцлийн хөдөлгөөнд оюутнууд нэгдэж, засгийн газар болон дээд удирдлагын эсрэг уриа лоозон барьж эхэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай Ираны асуудлаар уулзаж, Иран өндөр инфляци, эдийн засгийн хямралтай тулгарч байгааг онцолжээ. Харин Ираны ерөнхийлөгч М.Пезешкиан гадаадын аливаа түрэмгийлэлд “хатуу хариу арга хэмжээ” авна хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC