“Ачит ихт” компаниас томилогдсон ажлын хэсэг Засгийн газрын ажлын хэсэгтэй хийж буй хэлэлцээрийн үйл ажиллагаагаа зогсоож буйгаа өчигдөр /2025.12.26/ мэдэгдсэн. Учир нь Засгийн газрын ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх хэсэгт заасан “Ачит ихт” компанийн 50 хувийг төрд үнэ төлбөргүйгээр авна гэсэн Ачит ихтээс байгуулагдсан ажлын хэсэг “эрх хэмжээнээс хэтэрсэн” хэмээн үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ. Учир нь “Ачит ихт” компаниас ажлын хэсэгтээ “Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дэх хэсэгт заасан 34 хувиа үнэ төлбөргүйгээр төрд өгөх” эрх хэмжээг олгожээ.
-ОВООЛГЫГ СТРАТЕГИЙН ОРДТОЙ АДИЛТГАН 34-50 ХУВИЙГ ҮНЭГҮЙ АВАХ ЗААЛТЫГ Б.БАТТӨМӨР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР БАТЛУУЛЖЭЭ-
2006 онд батлагдсан “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.4, 5.5 дэх заалтад “Төсвийн хөрөнгөөр болоод хувийн хөрөнгөөрөө хайгуул хийж нөөцийг нь тогтоосон “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд”-ын 34-50 хүртэлх хувийг төр оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр эзэмшинэ” гэж заасан байв. Гэтэл 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтыг өөрчилж “стратегийн орд, түүний үүсмэл орд эзэмшигчийн 34-50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших хуулийг боловсруулж, үүнийг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ уухайлан дэмжиж, чуулганы индрээс бусдыг гүтгэн, харлуулж байгаад уг хуулиа батлуулсан байдаг.
Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх хэсэгт, “Улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордын … 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших” гэж заасан бол мөн хуулийн 5.5 дэх хэсэгт, “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын … 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших …” гэжээ. Ингэснээр “овоолго шороо” хүртэл стратегийн ордын хэмжээнд тооцогдож монголын уул уурхайд хүмүүс хөрөнгөө оруулбал 34-50 хувиа төр үнэ төлбөргүйгээр авдаг хуулийн орчин бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээсэн юм.
Гэтэл “Стратегийн орд” гэдэг нь үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ гэж “Ашигт малтмалын тухай” хуульд заасан.
Товчхондоо, стратегийн орд гэдэг бол улс орны хөгжлийг урагш нь суг татах, ДНБ-ийн 5 хувиас дээш тийм их хэмжээний бүтээгдэхүүн гаргаж чадах “Оюутолгой”, “Цагаан суварга” зэрэг ордыг хэлдэг. Иймээс ч стратегийн ордын “Газрын хэвлийн баялгийн өгөөжийг” Баялгийн санд төвлөрүүлнэ гэж Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заажээ.
Харин “үүсмэл орд” буюу овоолго бол уг хуулийн энэ заалтад огт хамаарахгүй. Учир нь үүсмэл орд гэдэг нь олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц овоолгыг хэлдэг. Гэтэл бүх үйлдвэрлэл нь нийлээд ч ДНБ-ний 0.2 хувьд хүрэхгүй бүтээгдэхүүн гаргадаг, уурхайн олборлолт, боловсруулалтын явцад ялгагдсан овоолгыг “стратегийн орд”-ын хэмжээнд тооцох хуулийг Б.Баттөмөрийн ажлын хэсэг боловсруулж, Л.Оюун-Эрдэнэ уухайлан дэмжиж батлуулсан юм.
Ийнхүү уурхай ашиглах явцад үүссэн “овоолго”-ыг хүртэл стратегийн ордод хамруулсан хууль баталсан улстөрчдийн шийдвэр өдгөө хариуцлагатай уул уурхай эрхлэгчдэд үл ойлгогдох дарамт, популизмыг бий болгож, олон зуун хүнийг ажлын байргүй болгоход нөлөөлж байгаа.
Нөгөөтэй Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан бол мөн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заажээ. Товчхондоо, “хувийн өмчийг хамгаалах, хувийн өмчийг хураан авахгүй байх, төр зайлшгүй авбал үнийг нь төлөх” гэсэн Үндсэн хуулийн заалтыг Л.Оюун-Эрдэнэ, Б.Баттөмөр нарын санаачилж, дэмжиж батлуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 болон 5.5 дэх заалтууд зөрчиж байгаа юм.
-“АЧИТ ИХТ” КОМПАНИ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БАЛАНСЫН БУС II ОВООЛГЫН НӨӨЦИЙГ ТОГТООЖ, УЛСАД БҮРТГҮҮЛЖЭЭ-
Эрдэнэт үйлдвэр уулын ажлаа хийхдээ исэлдсэн хүдэртэй ирээдүйд ашиглах балансын овоолго, ядуу агуулгатай, үр ашиг муу ирээдүйд ашиглах шаардлагагүй балансын бус овоолго гэж ангилан асгадаг байгаа юм. Харин өдгөө Эрдэнэт үйлдвэрийн балансын овоолгуудыг Эрдмин, Зэс эрдэнийн хувь гэсэн хоёр компани ашиглаж байгаа бол балансын бус хоёрдугаар овоолгыг түшиглэн “Ачит ихт” компани үйлдвэрлэл явуулдаг байна.
ВИДЕО:
Тодруулбал, 1972, 1991 оны “Ашигт малтмалын нөөцийн улсын комисс” -ын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, эдийн засгийн үр ашиггүй, ядуу агуулгатай 2 дугаар овоолгыг балансын бус хэмээн тодорхойлж Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөс хасаж байжээ. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2014 онд “балансын бус овоолгын нөөцийн зэрэглэлийг ахиулан Улсад нөөцөд бүртгүүлэх”-ийг Эрдэнэт үйлдвэрт даалгасан байна. Гэтэл тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” балансын бус овоолгууд дээр хайгуулын иж бүрэн судалгаа хийж чадаагүй байгаа юм.
Иймээс “Ачит ихт” компани өөрсдийн хөрөнгөөр II овоолгод нөөцийг тогтоох геологи хайгуулын иж бүрэн судалгаа болох өрөмдлөг, лабораторийн судалгаа, зэсийн паазын шинжилгээ, геодезийн хэмжилт, эрдэс чулуулгийн шинжилгээ, ICP буюу олон элементийн шинжилгээ зэрэг судалгааны ажлыг Канадын BioteQ, Германы BASF, Австралийн ALS, дотоодын Ландтест, Геологийн төв лаборатори зэргээр хийлгэж, хянуулаад баталгаажуулжээ.

Уг геологи хайгуулын иж бүрэн судалгаанд үндэслэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл балансын бус II овоолгын нөөцийг 2017 оны 11 дүгээр сард CTP-03-01 тоот дүгнэлтээр хүлээн авч. Харин Ашигт малтмалын газрын тосны газрын даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 11/08 тоот тушаалаар Эрдэнэтийн балансын бус II овоолгыг улс нэгдсэн тоо бүртгэлд 19.3 хувь нь исэлдсэн хүдэр, 80.7 хувь нь сульфатын хүдэр, 0,24 хувийн агуулгатайгаар бүртгэж авсан байна.

Товчхондоо, Эрдэнэт үйлдвэрийн “үр ашиггүй” гээд орхисон байсан II овоолго дээр геологи, хайгуулын иж бүрэн судалгааг Ачит ихт компани өөрөө хийлгэн улсын нөөцийн санд бүртгүүлжээ. Энэ ч утгаараа тэд 5.5 дэх хэсэгт, “Улсын төсвийн оролцоогүйгээр нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын … 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших …” гэж заасны дагуу Засгийн газартай хэлэлцээ хийх гэсэн ч Засгийн газрын ажлын хэсэг 50 хувийг нь үнэ төлбөргүйгээр авна гэсэн тул Ачит ихт компанийн ажлын хэсэг үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдсэн байна.
-“АЧИТ ИХТ” КОМПАНИ 34 ХУВИА ТӨРД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭЗЭМШҮҮЛЬЕ ГЭЖ 17 УДАА ХАНДЖЭЭ-
“Ачит ихт” компани Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан 2010 оны гэрээнд заасан 34 хувиа үнэ төлбөргүй шилжүүлэх үүргээ 2014 оны 1/154 тоот албан бичгээр эзэмшүүлэх хүсэлтээ хүргүүлж, үүргээ биелүүлсэн боловч, Эрдэнэт үйлдвэр ХХК тус компанийн санхүү, технологи, үйл ажиллагаа нь эрсдэлтэй гэж үзэж 34 хувийг эзэмшихээс татгалзсан. Ингээд “Ачит ихт” ХХК-ийн борлуулалтын орлогоос өсөн нэмэгдэх хувиар овоолго ашигласан төлбөр авах саналыг тавьж, 2015 онд гэрээг шинэчлэн байгуулснаар өнөөдрийг хүртэл тус гэрээний дагуу Ачит ихтийн борлуулалтын орлогоос Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 33.2 тэрбум төгрөг, Монгол Улс 42.6 тэрбум төгрөгийн АМНАТ-ын орлого олсон” гэж мэдэгдэлдээ дурджээ.
Харин өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаа /2014-2025 он/-нд Ачит ихт компани 34 хувиа үнэ төлбөргүйгээр Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэхээр 14 удаа албан бичгээр хандсан ч, тодорхой хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Мөн Засгийн газрын ажлын хэсэгт 3 удаа, баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээх IPO хийх саналын хамт хүргүүлж иржээ.

Товчхондоо, “Ачит ихт” компани 34 хувиа “Эрдэнэт үйлдвэр”-т үнэ төлбөргүй эзэмшүүлье гэж 2015-2024 оны хугацаанд нийт 14 удаа хандсан ч холбогдох төрийн байгууллагууд ямар нэг хариу өгөхгүй явсаар “Ачит ихт” компанийн 34 хувийг авалгүй өнөөдрийг хүрсэн байна.
Гэтэл “34 хувиа үнэ төлбөргүй өгье” гээд 14 удаа хандаад ч өгч чадаагүй “Ачит ихт” компани улстөрчдийн буруутан болж, харин 34 хувиа өгье гээд байхад нь аваагүй албан тушаалтнууд өнөөдөр гэмгүй үлджээ.
Гэтэл өдгөө Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг Л.Оюун-Эрдэнийн батлуулсан Ашигт малтмалын хуулийн 5.4-д заасны дагуу Улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордын 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ” гэсэн заалтыг баримтлан “ашиггүй, цаашид ашиглах шаардлагагүй” гээд орхисон байсан Эрдэнэт үйлдвэрийн II овоолгын нөөцийг өөрийн хөрөнгөөр тогтоож, улсын нөөцөд бүртгүүлсэн Ачит ихт компанийн 50 хувийг нь үнэ төлбөргүй авна хэмээн хүч түрэх болжээ.
