Умард Энэтхэгийн Ришикеш хотын цагдаагийн газар хөл хорионы дэглэмийг зөрчсөн гадаадын иргэдэд нэгэн өвөрмөц шийтгэл оноожээ. Израйль, Мексик, Австрали, Австрийн 10 жуулчин цаасан дээр “Би хөл хорионы дэглэмийг зөрчсөнийхөө төлөө чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” гэсэн өгүүлбэрийг тус бүр 500 удаа давтаж бичих шийтгэл хүлээжээ.
Тус хотод гадаадын иргэд хөл хориог зөрчсөн хэрэг нэмэгдэж байгаа тул зочид буудлуудад жуулчдыг зөвхөн дагалдах хүнтэйгээр гадагш гаргаж байх чиглэл өгсөн байна.
Энэтхэг улсад гуравдугаар сарын сүүлчээс эхлэн 21 хоногийн хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн ч Ерөнхий сайд Нарендра Моди хоригийг дахин 14 хоногоор сунгажээ. Энэтхэгийн цагдаа нар дэглэм зөрчигчидтэй өвөрмөц аргаар тэмцэж байгаа. Зарим хотод цагдаа нар коронавирусийн хэлбэртэй дуулга өмсөж, вирусийн аюулыг иргэдэд анхааруулах болсон байна.
Эх сурвалж: Dailymail