Г.Энхтайван: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа

Г.Энхтайван: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа

Монголбанк Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрээ танилцууллаа.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “ Эдийн засгийн өсөлт 2025 оны III улирлын байдлаар 5.9 хувьтай буюу хүлээлтийн орчимд гарсан тул өсөлтийн төсөөллийг хэвээр хадгаллаа. Энэ оны өсөлтийг хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар голлон тайлбарлаж байна. Эдийн засаг энэ онд 5.8 хувиар, ирэх онд 5.6 орчим хувиар өсөх хүлээлттэй байна. Цаашид бүтээн байгуулалтуудын төслүүдийн хэрэгжилтийн явц, гадаад, дотоод эрэлт, түүхий эдийн үнэ зэрэг нь өсөлтийн төлөвийг өөрчилж болзошгүй. Төлбөрийн тэнцэл энэ оны эхний арван сарын байдлаар 141 сая долларын ашигтай гарлаа. Үүнд, зэс, алтны үнэ түүхэн дээд түвшинд давж өссөн нь нүүрсний үнэ уналтын сөрөг нөлөөг бууруулж байна. Нөгөө талаас мөнгө, санхүүгийн бодлогын нөлөө үр дүнгээ өгч импорт буурч, гадаад худалдааны тэнцэл сайжрахад нөлөөлж байна. Гадаад валютын албан нөөц арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар 6 тэрбум ам.долларт хүрч нэмэгдлээ. Төлбөрийн тэнцлийн ирэх оны төсөвт нүүрсний орлого тодорхой бус байдлыг дагуулсан хэвээр байна.

Инфляц ойрын хугацаанд хүнсний үнийн гүйцэтгэл болон цалингийн өсөлтийн нөлөөгөөр зорилтын дээд орчимд гарах хүлээлттэй байна. Цаашид цаг агаарын болон нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт инфляцыг өдөөж болзошгүй.

Ийнхүү эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан үзээд бодлогын тууштай байдлыг ханган, зээл, санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байх шаардлагатай. Иймд дунд хугацаанд өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Түүнчлэн, УИХ-ын дарга болон Өргөдлийн байнгын хорооноос өгсөн санал зөвлөмжүүдийг харгалзан тэтгэврийн зээлтэй холбоотой дараах шийдвэрийг гаргалаа.

Тэтгэврийн зээлийн сарын төлөлтийн дарамтыг бууруулах зорилгоор олгосон байгаа зээлүүдийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг 36 сараар нэг удаа сунгасан тохиолдолд уг активыг журмын дагуу бүтэц өөрчлөгдсөн активд тооцохгүйгээр эцсийн ангилалд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.

Энэ нь 18 сараар зээлээ авсан байгаа иргэд арилжааны банканд очиж хүсэлтээ тавьж 36 сар болгоод зээлийнхээ эргэн төлөлтийн хугацааг сунгах эрх нь нээлттэй болж байгаа гэсэн үг. Тэтгэврийн зээл тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээнд 100 хувь болгон бууруулах, тэтгэвэр, тэтгэмж, орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийн банкны заавал байлгах нөөцөд тооцох эх үүсвэрээс хасах талаар хэлэлцэж, шийдвэрлэсэн" гэлээ.