АНУ-ын цэргүүд Венесуэлийн эргийн ойролцоо нэгэн том оврын нефтийн танкерийг хураан авсан гэж Д.Трамп өнөөдөр /2025.12.11/ мэдэгдсэн нь дэлхийн хэвлэлүүдийн анхааралд ороод байна. Тэрбээр уг үйл явдлыг “Америкийн сүүлийн жилүүдэд хураан авсан хамгийн том танкер” хэмээн тодорхойлсон байна.
ВИДЕО:
ВИДЕО: АНУ-ын цэргүүд Венесуэлийн эргийн ойролцоо нефтийн танкер хураасан нь дэлхий нийтийн анхааралд ороод байна
— iSee.mn (@iSee_MN) December 11, 2025
УНШИХ: https://t.co/Uf09ipmHam pic.twitter.com/Ytzc0cXobm
Reuters агентлаг АНУ-ын нэрээ нууцалсан гурван албан тушаалтнаас авсан мэдээллээр, "уг танкерийг хураах ажиллагааг АНУ-ын Эргийн хамгаалах алба удирдан зохион байгуулсан" гэж мэдээлжээ. Гэвч ямар шалтгаанаар, хаашаа чиглэж явсан танкерийг зогсоож, хураасан гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа аж.
Шинжээчид өнөөдөр болсон АНУ-ын энэхүү цэргийн ажиллагаа нь тус улсын Латин Америк дахь үйл ажиллагаа илүү идэвхжиж байж болзошгүйн дохио хэмээн үзэж байна. Учир нь АНУ одоогоор бүс нутагт 15 мянга гаруй цэргийг татан төвлөрүүлж, Венесуэлийн эргийн дагуух хөдөлгөөний хянаж байгаа юм.
Тэгвэл АНУ-ын цэргүүд нефтийн танкер хураасан тухай мэдэгдлийн дараа нефтийн үнэ огцом өссөн байна.
Харин Д.Трамп сэтгүүлчдийн асуултад “маш сайн шалтгаанаар хураасан” гэж хариулаад үйл явдлын зураг, мэдээллийг удахгүй нийтэлнэ гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Венесуэлийн удирдагч Николас Мадуротай өнгөрсөн сард утасаар ярианаас хойш дахин холбогдоогүй гэж нэмж хэлжээ. Сэтгүүлчид танкерийн эзэн хэн болохыг лавлахад Д.Трамп “мэдээллийг дараа нь авна” хэмээн тайлбарласан бөгөөд “хэрвээ мэдэхийг хүсвэл танкерийг дагаарай” гэж хэлсэн нь олон асуултын хариуг хойшлуулсан хэвээр үлдээжээ.
CBS News телевизийн мэдээлснээр, "Венесуэлийн эрэг орчмын Өмнөд Карибын тэнгист өнөөдөр АНУ-ын тал Ираны нефть тээвэрлэгч M/T SKIPPER хөлөг онгоцыг баривчилжээ. Тус танкер нь Гайанагийн далбаатай хөвж байсан ба ажиллагаа Лхагва гараг /2025.12.10/-ийн өглөөний 06:00 цагт эхэлсэн байна. Нефтийн танкер хураах ажиллагаанд АНУ-ын тусгай хүчний бүрэлдэхүүн, 10 тэнгисийн цэрэг болон Эргийн хамгаалалтын 10 ажилтан хамтран оролцсон гэж дурджээ. M/T SKIPPER нь Ираны Исламын хувьсгалт харуулын корпус болон Хезболлатай холбогдсон хэрэгт нэр холбогдсоны улмаас 2022 оноос хойш АНУ-ын Сангийн яамны хоригт багтсан хөлөг юм гэж CBS News мэдээлжээ.
Эх сурвалж: BBC