Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хязгаарлах алхмыг авч хэрэгжүүлж эхэлсэн байна. Тодруулбал, энэ харилцааг зохицуулсан шинэ хууль энэ сарын 10 /2025.12.10/-наас хүчин төгөлдөр болж, сошиал медиа компаниудыг насанд хүрээгүй хэрэглэгчдийг платформоосоо холдуулахын тулд “боломжит бүх арга хэмжээг” авахыг үүрэгжүүлжээ.
Энэхүү шийдвэр нь хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, онлайн аюулгүй байдлын талаар олон жил өрнөсөн маргааны дараа дэлхийд анхны хатуу хоригийн нэг болж байгаа ажээ. Иймд Meta, TikTok зэрэг томоохон компаниуд шинээр батлагдсан хуулийг эрс эсэргүүцэн, ийм хориг хүүхдүүдийг илүү аюултай орчинд түлхэж болзошгүй гэж мэдэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд АНУ-ын Юта муж, Европын Холбоо зэрэг олон газар өсвөр насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хязгаарлах бодлого боловсруулж байгаа ч Австралийн хориг хамгийн хатуу нь гэж шинжээчид үзэж байгаа аж.
Тухайлбал, Facebook-ийн Австралийн захиралаар ажиллаж байсан Стивен Шилер сошиал медиа эхэн үедээ дэлхийг холбох, мэдлэгийг ардчилан түгээх зорилготой байсан ч сүүлийн жилүүдэд сөрөг тал нь давамгайлж эхэлсэн гэж BBC агентлагт ярьжээ. Иймд Австралийн туршлага бусад улс орнуудын жишиг болж, даган дуурайх оролдлого нэмэгдэх магадлалтай хэмээн үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC