Өчигдөр /2025.12.08/ орой Японы зүүн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, дор хаяж 30 хүн гэмтэж, мянга мянган иргэд гэр орноо орхин нүүхэд хүрсэн байна.
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар 23:15 цагт Аомори мужийн эргээс 80 км зайд, 50 км гүнд болжээ. Үүний улмаас зарласан цунамигийн анхны сэрэмжлүүлгийг хүчингүй болгосон хэдий ч 70 см өндөр давалгаа хэд хэдэн газарт ажиглагдсан байна.
Мөн газар хөдлөлтийн дараа зарим галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоож, олон мянган айл өрх цахилгаангүй болсон байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр эрх баригчид ирэх өдрүүдэд хүчтэй дараалсан чичирхийлэл үргэлжлэн тохиолдож болзошгүй хэмээн анхааруулж, иргэдийг дор хаяж нэг долоо хоногийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг уриалжээ.
Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд хандан, “Тавилгаа унахаас өөрийгөө хамгаалах, чичирхийлэл мэдрэгдсэн тохиолдолд нэн даруй нүүхэд бэлэн байх зэрэг өдөр тутмын бэлэн байдлыг дахин баталгаажуул” хэмээн мэдэгджээ.
Харин Тохоку электрик пауэр компани Хигашидори болон Онагавагийн цөмийн цахилгаан станцуудад ямар нэгэн гэмтэл, саад илрээгүйг онцолжээ. Мөн Фукушимагийн ослын бүсийн ойролцоох байгууламжууд ч хэвийн ажиллагаатай байгаа талаар Японы эрх баригчид Олон улсын атомын эрчим хүчний агентлагт мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC