Ч.Жанчивсүрэн: Хүүгээ баярлуулахын тулд багаас нь тэжээсэн үхрийг унасан юм. Харин бид тэр өдрөө "Од" болчихсон

Ч.Жанчивсүрэн: Хүүгээ баярлуулахын тулд багаас нь тэжээсэн үхрийг унасан юм. Харин бид тэр өдрөө "Од" болчихсон

Бид энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэхээр Төв аймгийн Зуунмод сумыг зорилоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд үхэр унаж байгаа аав, хүү хоёрын бичлэг цахим орчинд олны анхаарлыг татсан. Тэгвэл тус бичлэгийн эзэн Ч.Жанчивсүрэнгийн гэр бүлийг зорьсон юм.

ВИДЕО:

"ХҮҮХДҮҮДЭЭ ЯДАЖ Л МАЛЫН ТОЛГОЙ ЭРГҮҮЛЧИХДЭГ ХҮН БОЛГОХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ"

Бид явсаар аймгийн төвд байх Ч.Жанчивсүрэнгийн хашаанд очсон юм. Тэдний гэр бүл уламжлалт мал аж ахуй, суурин амьдралыг хослуулдаг залуу гэр бүл аж. Сургууль, цэцэрлэг амрахтай зэрэгцэн тэдний гэр бүл аймгийн төвөөсөө холгүйхэн зусландаа гардаг. Харин бусад улиралд аймгийн төвийн хашаандаа үхрээ тэжээдэг байна. Бяруу, үнээ гээд нийтдээ 20 орчим үхэртэй бөгөөд энэ нь тэдний сүү, цагаан идээ, махны хэрэглээнд бүрэн нийцдэг тухай бидэнд хуваалцаж байлаа.

Ч.Жанчивсүрэн “Манай гэр бүл Төв аймгийн унаган хүмүүс. Миний хувьд багаасаа л уламжлалт мал аж ахуйтай хамт өссөн. Зуны улиралд зусландаа гарчихдаг. Харин бусад улиралд аймгийнхаа Дулааны эрчим хүчний газарт слесарь, гагнуурчин хийдэг. Ер нь би амьтанд их хайртай хүн. Надад тэжээж үзээгүй амьтан ховор. Зараа хүртэл тэжээж байлаа. Харин хүүхдүүдээ уламжлалт мал аж ахуйтай ойр байлгаж, ядаж л малын толгой эргүүлчихдэг хүн болгох гэж хичээдэг. Чадах чинээгээрээ зааж, зөвлөдөг. Мөн нөгөө талд өөрсдийн бэлтгэсэн органик мах, сүүн бүтээгдэхүүн шал өөр шүү дээ” гэж байлаа.

"БИ ҮХРЭЭ УНААД ААВТАЙГАА ЯВАХ ДУРТАЙ"

Тэдний гэр бүл хоёр хүүтэй. Том хүү нь аравдугаар анги бол бага хүү нь гуравдугаар анги. Харин олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгийн гол баатар бол бага хүү М.Бямбасүрэн нь юм. Аав, хүү хоёрыг эчнээ олны танил болгосон тус үхрийг “Халиун” гэдэг бөгөөд аав нь хүүдээ дөнгөж төрсөн нялх тугал байхад нь зүсэлж өгчээ. Бага хүү Ж.Бямбасүрэн “Халиун” үхэрээ багаас нь тэжээж, хайрлан өсгөсөн байна. Харин өдгөө хязаалж буй тус үхэр эчнээ эзнийнхээ гар дээрээс талх боов иддэг хэвээр.

“Халиун” үхрийн эзэн Ж.Бямбасүрэн “Аав надад энэ үхрийг тугал байхад нь бэлэглэсэн. Бид хоёр ярилцаж байгаад “Халиун” гэх нэрийг өгсөн. Миний үхэр их номхон. Би үхрээ унаад аавтайгаа явах дуртай. Аав маань үргэлж миний дэргэд байдаг нь гоё. Намайг том болоод бөх бас малын эмч болоорой гэсэн. Надад барилддаг хэр нь малын эмч болно гэхээр гоё санагддаг” гэв.

"ХҮҮ МААНЬ ААВТАЙГАА ХАЛИУНААГАА УНААД ЯВДАГ БАЙСАН ГЭЖ ДУРСАЖ БАЙВАЛ ГОЁ ШҮҮ ДЭЭ"

Харин олон нийтийн сүлжээнд тавигдсан тус бичлэгийн талаар Ч.Жанчивсүрэн “Хүү маань ангийнхаа хүүхдүүдэд үхэр унадаг тухайгаа ярьдаг байсан юм билээ. Тэгээд нэг өдөр аав нь үхэртэй нь сургууль дээр нь очиж, авна хэмээн амласан юм. Харин тус өдөр их сайхан дулаахан өдөр байсан юм. Тэгээд хайртай үхэртэй нь хүүгээ сургуулиас нь авахаар шийдсэн. Ангийнх нь найзууд бүгд л баярлаж хүлээж авч байлаа. Тэгээд бид гэрийн зүг явсан. Олон хүн таарч, гар даллаж, зураг авч байсан. Би өөрөө их наргианч хүн учраас инээгээд гар даллаад өнгөрсөн юм. Гэтэл олон нийтийн сүлжээнд тавигдчихсан байсан” гэлээ.

Сайнтай бас муутайгаа сав дүүрдэг гэдэг шиг. Тэдний сошиалд тавигдсан бичлэг ч олон нийтийн шүүмжлэлийг бас дагуулсан. Харин энэ талаар Ч.Жанчивсүрэн “Хүмүүсийн сөрөг сэтгэгдэлд би их юм бодоогүй. Зарим хүмүүс хөөрхий зайлуул хүүхдээ хүргэж өгөх машин, мотоцикл байхгүй юм байна гэж бичсэн байсан. Угтаа бол бид үхэр тэргээ хөллөөд уналга, ачлагадаа хэрэглэдэг байсан шүү дээ. Би мөнгө хураах биш хүүхдүүддээ дурсамж үлдээж амьдрахыг хүсдэг юм. Хүү маань аавтайгаа халиунаагаа унаад явдаг байсан гэж дурсаж байвал гоё шүү дээ” гэсэн юм.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө