Венесуэлийн алдартай гэмт хэргийн бүлэг болох Трен де Арагуагийн толгойлогч Хектор Растенфорд Герреро Флоресын амийг АНУ-ын арми “хурдтай бөгөөд үхлийн кинетик” цохилтоор устгасныг ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.
“Миний өгсөн тушаалын дагуу АНУ-ын цэргийн өмнөд тойргийн командлал хурдтай бөгөөд үхлийн кинетик цохилтоор дэлхийн хамгийн аюултай террорист байгууллагуудын нэг болох Трен де Арагуагийн алдартай удирдагч Нино Геррерог амжилттай цаазаллаа” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.
Трамп цааш нь “Энэхүү ажиллагааг Венесуэлийн найз нөхөдтэйгөө нягт хамтран ажилласны үр дүнд гүйцэтгэлээ” гэжээ.
Ингэхдээ тэр уг ажиллагаа хэзээ болсныг дурдаагүй байна.АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт ажиллагаа энэ долоо хоногийн эхээр Венесуэлийн нутаг дэвсгэрт оршдог Трен де Арагуагийн эзэмшилд болсныг мэдээлжээ.Венесуэлийн засгийн газар уг ажиллагаанд оролцсоноо батлахдаа цохилтын байрлалыг тус улсын зүүн өмнөд Боливар мужийн нутаг гэж мэдээлсэн байна.
Трен де Арагуа бүлгийг АНУ-ын засаг захиргаа террорист байгууллагын хар жагсаалтдаа нэмсэн байдаг.Өнгөрсөн арванхоёрдугаар сард Нью Йорк мужийн холбооны шүүх Герреро Флорест эчнээ ял оноож байв.
Тухайн үед АНУ-ын холбооны прокурор Жэй Клэйтон тус байгууллагыг Умард болон Өмнөд Америк, Европт бүртгэгдсэн тоо томшгүй олон хүчирхийлэл, луйвар, хар тамхины наймааны хэрэгт буруутгаж байжээ.АНУ-ын төрийн департамент Герреро Флоресыг баривчлахад шаардлагатай мэдээлэл өгсөн хүнд $5 хүртэл саяын шагнал амлаж байв.
Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш Латин Америкийн гэмт хэргийн бүлгүүдтэй хийх тэмцлээ эрчимжүүлсэн.Өнгөрсөн оны есдүгээр сард Номхон далайн зүүн хэсэг болон Карибын тэнгист эхлүүлсэн хар тамхины тээвэрлэлтийн эсрэг ажиллагааны хүрээнд 207 хүн амиа алдаад байгаа.
Трамп болон түүний албан тушаалтнууд Трен де Арагуа бүлгийг АНУ-ын хотуудад гардаг хүчирхийлэл, хар тамхины наймаанд буруутгасаар ирсэн юм.Тэр ч байтугай Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадурог тус байгууллагыг далдаас удирддаг хэмээн буруутгаж байлаа.
Энэ оны эхээр АНУ-ын тусгай хүчнийхэн Каракас дахь өргөөнөөс нь Мадурог баривчилсан юм.Трен де Арагуа нь арав гаруй жилийн өмнө Венесуэлийн төв бүсийн Арагуа мужийн алдартай шоронд үүссэн гэдэг.Герреро 2013 оноос эхлэн аллага болон бусад гэмт хэргийн улмаас тус шоронд хоригдож байжээ.
Тэрбээр өөрийн холбоотнуудын хамт шоронгийн удирдлага, хяналтыг гартаа авч, хоригдлуудыг бүхэлд нь хүчээр өөртөө ажиллуулдаг системийг бий болгосон байна.Эцэстээ Арагуагийн шорон амьтны хүрээлэн, бэйсболын талбай, казино, ресторан бүхий хот шиг байгууламж болон хувирчээ.Энэ үед Герреро өөрийн тансаг өрөөнд амьдардаг болсон байв.
Венесуэлийн цагаачдыг дагаад тус бүлгийн үйл ажиллагааны цар хүрээ Перу, Колумб зэрэг хөрш улсууд, цаашлаад АНУ-д тэлсэн байна.Гэхдээ тэд бусад Колумб, Төв Америк, Бразилын гэмт хэргийн бүлгүүд шиг хар тамхины наймаанд шууд оролцдоггүй гэсэн мэдээлэл бий.Венесуэлийн томоохон гэмт хэрэгтнүүд эртнээс алт олборлолт гэх мэт бусад хууль бус үйл ажиллагаа явуулдгаараа танигдсан байдаг.
Трампын хоёр дахь засаг захиргааны нэг том ажил цагаачлал, гэмт хэргийн эсрэг тэмцэл болоод байгаа. Олон нийтийн санал асуулгаар түүний эдийн засгийн бодлого тааруу үнэлгээтэй байгаа ч цагаачлалын эсрэг үйл ажиллагаа гол түшиг тулгуур нь болсон хэвээр байна.