СУРВАЛЖИЛГА: Шүлхийн улмаас Ховд аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, мах, сүүгээ Мянгад, Чандмань, Дөргөн сумаас хангаж байна

СУРВАЛЖИЛГА: Шүлхийн улмаас Ховд аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, мах, сүүгээ Мянгад, Чандмань, Дөргөн сумаас хангаж байна

Манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн салбар энэ зун шинэ сорилттой нүүр тулаад буй. Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхий өвчний САТ-1 хэв шинж дэгдэж буйтай холбоотойгоор Ховд аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоогоод буй.  Тэгвэл манай сурвалжилах баг нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа.

ВИДЕО:

Ховд аймгийн хувьд Булган, Үенч сумдад халдвар батлагдсаны дараа малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлсэн. Өвчний голомт бүхий бүсэд малын үзлэг, тандалт хийж, эрсдэлтэй бүсүүдийг тогтоох, халдвартай малыг устгах зэрэг  ажил үргэлжилж байгаа юм. Харин өнгөрөгч зургаадугаар сарын 5-аас эхлэн аймаг даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, малын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад буй.

-МЯНГАД СУМЫН ХЯНАЛТЫН ПОСТООР 1200 ГАРУЙ ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨН ХИЙГДЭЖ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙГ ХИЙЖЭЭ-

Ховд аймгийн Мянгат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Улаанхүү “Аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу Мянгад сумын хувьд хяналтын цэг байгуулаад ажиллаж байна. Уг хяналтын цэг Ховд голын гүүрээр дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэл, зорчигчийг бүртгэлжүүлж ажиллаж байна. Мөн Дөргөн, Чандмань, Мянгад сумууд нь Ховд аймгийн хувьд эрүүл бүс гэдэг утгаараа аймгийн хэмжээнд хүнсний нийлүүлэлтийг хийхээр зөвшөөрөгдсөн байгаа. Үүний гарал үүслийн гэрчилгээг хийх, шалгаж нэвтрүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Манай сумын онцгой комиссын шийдвэрээр эрсдэлээс хамгаалах зорилгоор малын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглосон байгаа.

Уг хяналтын цэгүүд дээр нийт 54 төрийн албан хаагч ажиллаж байна. Уг үүрэгжүүлсэн алба хаагчдын хувьд 72 цагийн хүнсний хэрэгцээгээ өөрсдөө хангаж ажиллах ёстой байгаа.

Энэ утгаараа манай сумын онцгой комиссын шийдвэрээр эхний ээлжийн долоо хоногийн хүнсээ орон нутагтаа шийдвэрлээд ажиллаж байна. Аймгийн мах, сүүний хэрэгцээг Чандмань, Дөргөн гэсэн хоёр сумтай хамтарч хангаж байгаа тул одоохондоо хүндрэл бэрхшээл гайгүй байна” гэлээ.

Ховд аймгийн Мянгат сумын Мал эмнэлгийн улсын байцаагч Т.Пүрэвжав “Ховд аймгийн Засаг даргын 2026 оны 427 тоот захирамжийн хүрээнд гамшиг ослын үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлан үүрэг хэрэгжүүлж ажиллаж байна. Мянгад сумын ариутгал халдваргүйжүүлэлтын хяналтын пост нь шүлхий өвчний тархалтыг алдахгүй байх, тархалтыг хумих зорилготой.

2026 оны зургаадугаар сарын 10-ны байдлаар уг постоор нийт 1200 гаруй зорчих тээврийн хөдөлгөөн хийгдэж, ариутгал халдваргүйжүүлэлтыг хийж ажиллаж байна. Одоохондоо бид дотооддоо байгаа нөөц боломжоороо үйл ажиллагаа явуулж байна.

Цаашдаа нөхцөл байдал удаан үргэлжилбэл санхүүтэй холбогдон гарах хүндрэлүүд гарч болзошгүй байна. Мянгад сум нь мал аж ахуйн 4, суурин 1 багтай. Малын тоо толгой 250 мянга давсан, 900 гаруй малчин өрхтэй. Бид малчдад өвчний мэдээ мэдээллийг хүргэхийн тулд мөн тараах хуудас тараах зэрэг олон талаас арга хэмжээ авч ажиллаж байна” гэсэн юм.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө