Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул түүний оронд шүүгч Ц.Цогтыг томилуулахыг тус шүүхийн нийт шүүгчдийн олонх нь дэмжээд байгаа билээ.
Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгоно" гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 03-ны /2026.06.03/ өдөр болж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцсэн байдаг. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшин, санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт шүүгчдийн олонхын саналыг авсан тул түүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон юм.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36.7-д Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 18-ны өдрийн дотор Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид томилох юм.
Учир нь Улсын Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 03-ны болсон бөгөөд Ц.Цогтыг томилуулах албан бичгийг тус өдрийн маргааш буюу зургаадугаар сарын 04-ний өдөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн аж. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс олонхын санал авсан Ц.Цогтыг ирэх пүрэв гарагийн дотор томилох учиртай.
Харин өдгөө Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг шүүгч Ч.Хосбаяр орлон гүйцэтгэж байгаа юм байна. Бид дээрх томилгооны талаар эргэн мэдээлэх болно.