БАРИМТ: “The MongolZ” багийг сайд асан Ч.Номин Үндэсний шигшээ багт оруулснаар тэд "Ногоон паспорт"-тай болж, гадаадын тэмцээнд оролцох болжээ

БАРИМТ: “The MongolZ” багийг сайд асан Ч.Номин Үндэсний шигшээ багт оруулснаар тэд "Ногоон паспорт"-тай болж, гадаадын тэмцээнд оролцох болжээ

И-спортын “CS” төрлийн Мэйжор тэмцээнд хоёрдугаар байр эзэлж, түүхэн амжилт гаргасан “The MongolZ” багт төрөөс урамшуулах өгч, гавьяат тамирчин цол хүртээх ёстой гэх мэдээлэл цахим сүлжээнд сүүлийн үед нэлээдгүй гарах болсон.

Харин энэ талаар Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам "Ч.Номин сайдын үед Биеийн тамир, спортын улсын хороогоор "MongolZ" багийнханд тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн санхүүжилт олгосон. Тус багийг үүсгэн байгуулсан холбооных нь Удирдах зөвлөлд өндөр албан тушаал эрхэлдэг хүний гэр бүлийн хүн байдаг. Улстөрдөө ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн гэж сонссон. "MongolZ" баг хүсэл сонирхлоороо, энэ спортыг сонгоод олон улсад тоглож байгаа. Амжилт гаргаад Олон улсын байгууллагаас шагналаа аваад явж байгаа. Хууль дүрэмгүй бол бид татвар төлөгчдийн мөнгөнөөс заавал өгөх дүрэмгүй. Улсаасаа мөнгө нэхээд байдаг тамирчид цөөхөн шүү гэдгийг хэлмээр байна.Үүнийг ухамсарлаж ойлгож, улс орныхоо эрх ашгийг бодоосой гэж хүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн. 

Харин энэхүү мэдээллийн дараа "MongolZ" баг цахим сүлжээгээрээ дамжуулан "The MongolZ Esports Organization татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Авахгүй. Манай арын албанд улс төртэй холбоотой хүн ажилладаггүй. Ажиллахгүй. Бид ямар нэг холбоонд харьяалагддаггүй, үйл ажиллагаагаа бие даан явуулдаг. Харьяалагдахгүй" гэж мэдэгдсэн нь өдгөө олны анхаарлыг татаад байна. Тэгвэл уг асуудлыг хөвөрдөж үзлээ. 

-“THE MONGOLZ”-ЫГ САЙД АСАН Ч.НОМИН ХУУЛЬ, ЖУРАМ ЗӨРЧИЖ, ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ ОРУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Сайд асан Ч.Номингийн тушаал

Одоогоос зургаан сарын өмнө буюу 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх тухай" А/82 дугаартай тушаал гаргасан байна. Уг тушаалаар "Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын холбоодын жагсаалт, багийг бүрдүүлэх орон тооны хязгаар”-ыг хавсралт ёсоор баталж, Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийн холбоодтой холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд гэрээ байгуулж, санхүүжүүлэхийг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Билэгтэд даалгасан байна. 

Ингэхдээ Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд "Монголын электрон спортын холбоо"-ны таван тамирчин, нэг дасгалжуулагчийг багтаажээ. Товчхондоо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “The Mongolz” багийг Үндэсний шигшээ багт оруулж, гэрээ байгуулж, санхүүжүүлэхийг үүрэгдсэн байна. 

Угтаа Үндэсний шигшээ багт олон улсын олимпын хороо, олон улсын паралимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг олимпын эрх олгох, оноо цуглуулах, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадамд Монгол Улсыг төлөөлж оролцох баг тамирчдыг оруулах зохицуулалттай аж. Гэтэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Номин олимпын болон паралимпын эрх олгох төрөлд ордоггүй спортоор хичээллэдэг “The Mongolz” багийг Үндэсний шигшээ багт оруулсан нь мөн л энд анхаарал татна. 

-“THE MONGOLZ” БАГ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ ОРСНООР "НОГООН ПАСПОРТ"-ТАЙ БОЛЖЭЭ- 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "The Mongolz” баг Үндэсний шигшээ багт орсноор "Цалин, урамшуулал авахаас илүүтэй "Ногоон паспорт"-тай болж, гадаадын улс оронд зохион байгуулагддаг тэмцээнд оролцох бүрэн боломжтой болно гэж үзсэн аж. 

Учир нь дипломат, албан гадаад паспорт болох "Ногоон паспорт"-ыг олгох журмын 2.2.22-д “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ын 25.4-т заасныг баримтлан Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогдсон Монгол Улсын иргэн, Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, олимп, паралимпын наадам, олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагч, эмч нарт тэдгээрийг харьяалах төрийн захиргааны төв байгууллагын хүсэлтийг үндэслэн" дипломат, албан гадаад паспорт олгоно гэж заажээ. Тиймээс Үндэсний шигшээ багт орсон "The Mongolz” баг "Ногоон паспорт"-тай болж, гадаад улс оронд зохион байгуулагдаж буй тэмцээнүүдэд оролцоход ямар ч асуудалгүй, бүрэн боломжтой болсон аж. 

Харин тэд Үндэсний шигшээ багийн тамирчдын цалин, урамшууллыг авсан эсэх талаарх нээлттэй мэдээлэл одоогоор алга тул бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө