Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээллээ.
Багш нарын төлөөлөл “Өнөөдөр манай улсын боловсролын чанар, хүртээмж, ажилчдын нийгмийн баталгаа хангагдахгүй байна. Боловсролын салбарын мянга мянган багш нарын ажлын ачаалал маш их, хөдөлмөрийн хүнд нөхцөлд, цалин хангамж маш бага нөхцөлд ажиллаж байна. 2024-2025 оны хичээлийн жилд 4200 хүний дутагдалтай байсан бол энэ онд 3800 хүний дутагдалтай байгаа. Хүний ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, хийсэн ажилдаа тохирсон цалин авах, эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх хангагдахгүй байна. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос гарсан ажлын хэсэг 2026 оны төсөв дээр боловсролын салбарын багш ажилчдын цалинг нэмүүлэхээр гурван яамтай уулзсан. Гэсэн ч тодорхой үр дүн гарахгүй байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзаж, санал хүсэлтэй тавихад төсөв даахгүй, боломжгүй гэсэн хариултыг өгсөн. Улмаар 2025.09.10-нд Боловсролын яаманд шаардлага хүргүүлсэн байдаг. Иймд дараа дараагийн арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулах 27 хүнтэй ажлын хэсэг байгууллаа. Мөн орон даяар багш ажилчид тойргоос гарсан гишүүддээ цалин нэмэх шаардлага хүргүүлж байна. Нийт үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж байгаа юм. Бүх багш нарыг цалинг ингэж нэмэгдүүлэхэд 1,3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсан” гэв.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 21 аймаг, орон нутагт үндэсний хэмжээнд багш нарын цалинг нэмэх асуудлыг шат дараатай зохион байгуулна. Хэрэв 2026 оны төсвийг яг байгаагаар нь батлах юм бол дараагийн шатны арга хэмжээнд хүрэхээс өөр аргагүй болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: