Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох саналыг хуульч О.Батхүү санаачилж, 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулсан.
Уг өргөдлийг гаргахдаа, "Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай" гэсэн байдаг. Иргэдийн санал 100 мянгад хүрвэл УИХ-аар хэлэлцүүлэх журамтай билээ. Тэгвэл уг өргөдлийг УИХ-ын төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд хуваарилсан байна.