Эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодож яваад осолд орох, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол гарсаар байна. Автомашин бол тоглоом биш. Нэг удаагийн дүрсгүй, томоогүй зангаасаа болоод насаараа мартаж болохооргүй алдаа хийхийг хэн ч хүсэхгүй. Тийм болохоор үүнээс сэрэмжүүлэх мөн эцэг эхчүүдэд хараа хяналтаа сайжруулахыг сануулах үүднээс бид Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн У.Ууганбаяртай ярилцлаа.
Түүний хувьд хамгийн сүүлд насанд хүрээгүй хүүхдүүд автомашин барьж яваад осолдсон хэргийн газар очиж байсан талаараа бидэнд ярьсан юм. Уг ослыг тодруулбал насанд хүрээгүй бүлэг хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож, осол гарган жалга руу машинтайгаа унаж, нэг нь харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан юм. Иймд бид иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс энэхүү ярилцлагыг бэлтгэн хүргэж байна.
ВИДЕО:
-Юун түрүүнд та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг У.Ууганбаяр гэдэг. Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэст тав дахь жилдээ ажиллаж байна.
-Таны хүлээн авч, ажиллаж байсан хамгийн хүнд дуудлага юу байсан бол. Тэр талаар ярьж болох уу?
-Манайд хүн гэмтсэн тухай дуудлага үе үе ирдэг. Улмаар тухайн дуудлага дээр явж очиход гэмтлийн зэрэг нь тодорхой хэмжээний их, бага янз бүр байдаг. Саяхан нэг хүн гэмтсэн тухай дуудлага дээр очиход насанд хүрээгүй хүүхдүүд аавыгаа эзгүйд машиныг нь унаж гараад хурд хэтрүүлж яваад жалга руу ороод осолдсон байсан. Дуудлага ирээд хамгийн түрүүнд би очиж хэргийн газрын үзлэг хийгээд, хамгаалалт авахад дотроо дөрвүүлээ явж байсан. Нэг хүүхэд нь газар дээрээ нас барсан харамсалтай зүйл тохиолдсон байсан. Улмаар аав ээж рүү нь холбогдсон. Эцэг эхчүүд ар араасаа ирээд “Миний хүүхэд хаана байна” гээд надаас асуух тэр мөч л хамгийн хэцүү байсан.
-Эцэг эхэд нь хэлэх мэдээж хэцүү байдаг байх?
-Тухайн хүүхэд нь хэн нэгний хамгийн хайртай охин, хүү, хайртай хүн нь л байгаа шүү дээ. Ар гэрийнхэнтэй нь холбогдохдоо эхлээд тайвшруулна. Бие нь муудаад эмнэлэг аваад явсан байсан ч шууд эцэг эхэд нь хэлж болохгүй.
Аль болох өөрөө уулзаад, тайвшруулаад, тайвнаар хэлж ойлгуулахыг хичээдэг. Шууд хэлэх юм бол тухайн хүний зүрх сэтгэл яаж хүлээж авахыг хэлж мэдэхгүй шүү дээ.
-Осол, гэмтлийн дуудлага аваад та өөрөө дотроо юу гэж бодож байдаг бол?
-Хүн гэмтсэн, нас барсан янз бүрийн дуудлага дээр очдог. Хүн гэмтсэн дуудлага дээр очихдоо хамгийн эхэнд “гайгүй байгаасай” л гэж боддог. Замдаа 103-ын машин таарах юм бол хойноо авч яваад хурдхан очихыг л боддог. Хурдан очвол л амь насыг нь аварч чадах юм шиг санагддаг.
-Эсрэгээрээ иргэд хэлж байсан, санаанаас тань мартагддаггүй эерэг үг байдаг болов уу?
-Таван жилийн хугацаанд цагдаагийн албанд ажиллахад миний санаасаа гардаггүй нэг явдал байдаг юм. Хоёр гурван жилийн өмнө байх. Хяналт шалгалтаар согтуу жолоочийг илрүүлээд, машиндаа сулгаад аваад явж байсан чинь нэг жолооч айлын блокон хашаа мөргөөд орчихлоо гэсэн дуудлага ирсэн. Тэр дуудлагын дагуу яаралтай очиход блокон хашаа мөргөөд, блокнууд тухайн иргэн дээрээс цөмрөөд орчихсон, биеийн байдал маш муу байсан.
Мөн уг тээврийн хэрэгслийн жолооч нь биеэ авч явах чадалгүй согтуу байсан юм. Тэгээд блокон хашааг нь түүгээд тэр иргэнийг машинаас нь гаргаад яаралтай гэмтэл рүү явуулсан.
Тэр үед эргээд машиндаа суухад нөгөө авч явсан жолооч маань “Би хэрвээ согтуу яваад та намайг зогсоогоогүй бол яг ийм кейс болох байсан байна. Та намайг наана нь зогсоосон байна. Маш их баярлалаа” гэж хэлж байсан. Тухайн үед нэг ч гэсэн хүнийг ойлгуулсандаа үнэхээр их баярлаж байсан юм. Тэр хүн ахиж амьдралдаа хэзээ ч согтуугаар машин барихгүй байхгүй юу.
-Насанд хүрээгүй хүүхэд осол гаргадаг асуудалд эцэг эхийн буруу ч бас бий. Иргэд, тэр дундаа эцэг эхчүүдэд хандаж сэрэмжлүүлэг хэлэхгүй юу?
-Манай эцэг эхчүүд өөрсдөө насанд хүрээгүй хүүхдэдээ түлхүүрээ өгөөд явуулчихдаг. Гэтэл тэр үедээ осол гаргах юм бол мянга харамсаад ч барахгүй шүү дээ. Ер нь насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг бол тоглоом биш. Насанд хүрсэн хүмүүс ч байна. Гол нь жолооч биш. “За яах вэ дээ. Намайг хэн зогсоох вэ дээ “ гэж боддог бол дүрэм зогсооно. Осол зогсооно. Осол хэзээ ч хэнийг ч ялгахгүй. Та раллид уралддаг байна уу, авто спортын тамирчин байна уу хамаагүй. Үнэхээр гайхамшигтай машин барьдаг байсан ч замын хөдөлгөөний дүрэм тэр хүнийг зогсооно. Тийм болохоор нийт иргэддээ хандаж уриалахад бүгдээрээ замын хөдөлгөөний дүрмээ баримталж, нэгэндээ хүлээцтэй хандаж, дүрмээ мөрдье гэж хэлмээр байна.