Монгол Улсад жилдээ хэдэн зуун хүн зам тээврийн ослын улмаас амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Тухайлбал, жилд дунджаар 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 500 хүн нас бардаг гэдэг тооцоо судалгаа бий. Ослын багагүй хувь нь гэрлийн буруу хэрэглэснээс болж байгаа. Сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн ослоор 2534 хүн нас барсны 312 нь хүүхэд байна. Авто осол бол сэргийлж, урьдчилан арга хэмжээ авах боломжтой осол.
Иймд бид Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай нэг шөнийн хяналт, шалгалтад цуг явж, нөхцөл байдлыг газар дээрээс сурвалжиллаа.
ВИДЕО:
Тэд оройны 21.00 цагт ахлах офицероос үүрэг авч тус тусын хариуцсан хэсэг рүү хөдөлцгөөв. Манай баг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантулгатай цуг хөдөлж циркийн зүүн урд талын замыг зорилоо. Явах замд шүргэлцсэн, уулзвар гарахдаа нэгнийхээ араас мөргөсөн хоёр ч осолтой таарав. Хариуцсан алба хаагчид арга хэмжээ авч, хэмжилт хийж байсан тул бид цааш хөдөлж, зорьсон газраа очив. Биднийг очиход хоёр мотоцикл, нэг приус 30 маркийн автомашин зогсоон шалгаж байв. Учир байдлыг тодруулахад, нэг иргэн жолоодох эрхийн үнэмлэхгүй нөгөө нэг нь эрхээ хасуулсан үедээ жолоо барьж явжээ.
Тус замын хоёр талд алба хаагчид зогсож, өнгөрөх тээврийн хэрэгсэл нэг бүрийн гэрэл дугаар гээд техникийн бүрэн бүтэн байдлыг ажиглаж, зөрчил илэрвэл зогсоож сануулга өгөхөөс эхлүүлээд автомашиныг журамлах хүртэл арга хэмжээг авч байлаа. Зам дээр 30 гаран минут болоход зургаан автомашины гэрэл хэт хурц, нэг автомашин бүр гэрэлгүй явж байгаа зөрчил илрэв. Алба хаагчид жолооч нарын бичиг баримтыг шалгаж, учирч болох эрсдэлийг сануулж, тод гэрэл рүү эгц харуулахад иргэдийн дийлэнх нь гэрлийн гялбалт, хурц гэрэл ямар эрсдэлтэйг тухайн үед ойлгож байв.
-ХАРАНХУЙ ҮЕД ЖОЛОО БАРИХ НЬ ЖОЛООЧИЙН АЖЛЫН ЧАДАМЖ САМБААЧЛАХ ХУРД ЗЭРЭГ БУУРСАН БАЙДАГ-
Учир нь иргэд гэрэл сольж тавихдаа зам ямар харагдахыг боддог аж. Энэ талаар цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантулгаас тодруулахад, “Холын гэрэл нь өөдөөс яваа тээврийн хэрэгслийг гялбуулахаас гадна таны урд яваа тээврийн хэрэгслийн толинд ойн тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг гялбуулдаг гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Шөнийн цаг гэдэгт үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэлх хугацааг хамааруулна. Энэ үед хөдөлгөөний эрчим бага, зам өдрийг бодвол сийрэг хөдөлгөөнтэй байх боловч ослын 50% нь шөнө болдог. Харанхуй үед жолоо барих нь жолоочийн ажлын чадамж самбаачлах хурд зэрэг буурсан байдаг.
Зам тээврийн ослын 46 хувь нь зорчих хэсэгт холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлэхээ мартсан эсвэл туршлагагүй жолоочийн хариуцлагагүй байдлаас үүддэг.
Гэрлээ шилжүүлэхээ мартсан эсвэл туршлагагүй, хайхрамжгүй жолооч нь гэрлээ удирдаж тохируулж чадаагүйгээс гэрлийн хүчтэй урсгал өөдөөс болон урд яваа жолоочийг гялбуулж хэвийн жолоодлогод нөлөөлж эхэлдэг байна. Тод гэрлийн гялбалтын үед нүдний солонгон бүрхэвчний биетийг ойлгох функц доголдож орчин харанхуйлж төөрөлдөх үр дагаварт хүргэснээр осол гаргах бас нэгэн хүчин зүйл болдог байна. Ихэнхдээ ойрын гэрэл болон холын гэрлээ тохируулах дүрмийг сайн мэддэггүй ба хэрэгжүүлдэггүй учир урдаас ирж буй машинд хүндрэл учруулснаар осол их гардаг.
Тодруулбал, Тод гэрэл нь нэгдүгээрт нэмэлт гэрэл биш. Fog light буюу манангийн гэрэл. Өөрөөр хэлбэл манан, шуурга, бороо гэх мэт үзэгдэх орчин хязгаарлагдсан үед ашиглах зориулалттай эд л дээ. Энэ гэрлийг асааснаар жолооч танд баруун урд, зүүн урд доорх чигт таван метр болон урд чигт газрын түвшинд чиглэлтэй ойролцоогоор 20 метр орчим л тусаж, тодхон харагдана. Бид одоогоор холын гэрлээ зөв хэрэглэж хэвшээгүй, сураагүй л байна. Үүн дээр нэрмээс болох мэт манангийн гэрэлд хурц чийдэн (ламп) тавьж, холын гэрлээс дутахааргүй аюултай орчин, нөхцөлийг үүсгэж байна. Энэ нь санаатай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл.
-ТОД ГЭРЭЛ ХИЙСНЭЭР ЭРСДЭЛ НЭМЭГДЭХЭЭС ТУСГАХ ХЭМЖЭЭС НЭМЭГДЭХГҮЙ-
Мэдээж үзэгдэх орчин муу үед жолооч та ойролцоогоор 40 км/ц-аас ихгүй хурдаар хөдөлгөөнд оролцоно. Зөвхөн энэ үед чинь л энэ гэрэл үүргээ гүйцэтгэнэ. Харин бидний хурц чийдэн тавьж, хурдтай давхих үед ямар ч нэмэргүй, тус болохгүй. Өөрөөр хэлбэл алсыг харан жолоодлого хийж байхад өлмий доорх хурц гэрэл ямар ч нэмэргүй гэсэн үг. Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед жишээ нь 20 км/ц хурдтай, болгоомжтой удаан явж байх үед 20 метрийн цаана байгаа саад танд харагдаж эхэлснээс хойш 3.6 секундэд очно гэсэн үг. Энэ 3.6 секундэд жолооч хангалттай арга хэмжээ авах буюу жолоодлого хийнэ.
Цааш хурдыг нэмбэл 40 км/ц-т 1.8 сек, 60 км/ц-т 1.2 сек, 80 км/ц-т 0.9 сек буюу 100 км/ц-ийн хурдтай явж байх үед ердөө 0.7 сек газрыг тусгана гэсэн үг. 100 км/ц буюу энэ өндөр хурдаар явж байгаа үед нэг секунд ч хүрэхгүй, ердөө 0.7сек-д жолооч та юуг ч гүйцэтгэж амжихгүй, тэгэхээр хурдтай үед манангийн гэрлийг хэрэглэх ямар ч шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл таны өмнөх болон хажуу талын саад зөвхөн тод, нүдний өмнүүр зурсхийн харагдаад л өнгөрнө. Хамгийн чухал нь манангийн гэрэл нь газрын түвшинд чиглэлтэй ойрхон, таруу тусдаг тул түүнд тод чийдэн хийх ямар ч шаардлагагүй. Энэ гэрэл нь дээр бичсэнчлэн ойрхон тусах хийцтэй боловч урагш алсад тусгалгүйгээр гялбаж байдаг. Энэ гялбаа нь эсрэг, өөдөөс ирж байгаа жолоочид гялбаа өгч, аюултай байдал үүсгэдэг.
Төгсгөлд нь иргэдэд хандаж хэлэхэд та машинаасаа бууж, гэрлээ шалгаад. Би замын хөдөлгөөнд оролцож байхад миний эсрэг талын жолоочид ямар байх бол гэдгийг бодоод үзээрэй гэж зөвлөе” гэв. Иймд жолооч та хариуцлагаа ухамсарлаж, бусдыг хүндэтгэн, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.