Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд зарлалаа. 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад энэ жил 10, 11, 12-р ангийн нийт 83374 шалгуулагч хамрагджээ.
Өнгөрсөн жил буюу 2024 оны хавар 33361 сурагч энэ шалгалтыг өгч байжээ.Энэ жилийн хувьд 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг анх удаа өгсөн юм. "Энэ жилийн монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудасны хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулж, хэрэв тэнцсэн бол шалгалтын үр дүн оноо насан туршид нь хүчинтэй байхаар болголоо. Шалгалтын босго оноо болох 400 онооны болзол хангаагүй бол ирэх арванхоёрдугаар сард дахин өгөх боломжтой. Хэдийгээр босго онооны болзол хангаагүй ч элсэлтийн шалгалтаа өгөх эрх нь нээлттэй" гэж Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа ярив.
Шалгалтын дүн оноотой санал нийлэхгүй байвал тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвд хандан өргөдөл гарган өөрийн шалгалтын материалтай танилцах боломжтой. Өргөдлийг ШУТИС-ийн Т байрны хоёр давхрын 207 тоот танхимд ажлын цагаар хүлээн авах агаад шалгалтын хариу гарсантай холбоотойгоор бямба, ням гарагт 9-18 цагт ажиллах юм байна. Монгол хэл, бичгийн шалгалтын дүнтэй танилцах бол ЭНД дарна уу.