Монгол, Хятад хоёр улс нь уул ус, гол мөрнөөр нягт холбоотой бөгөөд гүн гүнзгий найрамдалт харилцаатай. Монгол-Хятадын "Найрамдал" сургууль нь хоёр орны соёлын хосолмол байдал, ард иргэд хоорондын найрсаг харилцааны тод гэрч болсон газар. Энэ ч утгаараа тус сургуулиас Олон улсын Хятад хэлний өдөр болон "Хятадын соёлын өдөрлөг"-ийг өнөөдөр /2025.05.09/ зохион байгууллаа.
ВИДЕО:
Тус баярын арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жы, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын хэлтсийн нарийн бичиг н.Туяа, МУИС-ын Күнзийн институтийн захирал Чэн Шэн Ли, Нийслэлийн боловсролын газрын ахлах мэргэжилтэн ноён Н.Болдбаатар, Нийслэлийн боловсролын газрын нийгмийн ухаан түүх газар зүйн боловсрол хариуцсан мэргэжилтэн хатагтай Б.Оюунбилиг нарын зочид, төлөөлөгчид оролцлоо.
Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жы "Өнөөдөр дэлхий дээр маш олон хүн Хятад хэлийг сурч, Хятадын соёлтой танилцаж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь Хятадын соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна" гэдгийг тодотгосон юм.
Харин Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн захирал Жан Фэн Инг "Манай сургууль "Хятадын соёлын өдөрлөг"-ийг найм дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөг нь Хятадын биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд гол анхаарлаа хандуулж, сурагчдынхаа бүтээл, урлаг соёлын арга хэмжээгээр илэрхийлэхийг зорилоо. Манай сургуульд суралцаж буй хүүхэд бүр эл өдөрлөгт ямар нэгэн байдлаар оролцоотойгоор оролцож байна. Энэхүү өдөр нь хоёр орны найрамдалт харилцаанд томоохон түлхэц болно гэж найдаж байна" гэлээ.
"Хятадын соёлын өдөрлөг"-ийн үеэр Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн сурагчид Хятадын соёлын биет бус өмчийг түгээн дэлгэрүүлэгч Li Gang Hui Yun багшийн удирдлага дор олон төрлийн соёлын бүтээлүүд хийж, дэлгэсэн байв. Мөн биет бус соёлын өвийн түгээгч Гуандун арслангийн бүжгийн өв залгамжлагч, үндэсний дасгалжуулагч, шүүгч Ли Дунбяо урилгаар оролцож, түүний бэлтгэсэн сурагчид зочид төлөөлөгчдөд Хятадын өв уламжлалыг харуулсан урлаг, соёлын үзүүлбэрийг үзүүлсэн юм.