СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баавгай олзоо булан ойр хавьд нь  манаж байдаг тул иргэд баавгай халдсан газарт ойртохгүй байхыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баавгай олзоо булан ойр хавьд нь манаж байдаг тул иргэд баавгай халдсан газарт ойртохгүй байхыг анхааруулж байна

Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Батсүмбэр зэрэг сумдын суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 22 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу аймгийн шуурхай баг болон Онцгой комисс хамтран баавгайнуудыг аюулгүй болгох, байгальд нь буцаах ажлыг зохион байгуулж байна.

Сүүлийн өдрүүдэд идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан баавгайнууд айлын гэр нурааж аарц авах, чацарганын хашаанд нэвтрэхээс гадна Мөнгөнморьт суманд айлын хотны дэргэд бага насны адуу барьж, шороо өвсөөр дарж булсан тохиолдол гарчээ. Энэхүү үйлдэл нь хүрэн баавгайн идэш тэжээлээ бусад махчин амьтдаас нуух, улмаар хөрсөн доор хэд хонуулж махыг нь зориуд өмхийрүүлж, зөөлрүүлж иддэг "кешинг" хэмээх байгалийн өвөрмөц зөн совинтой холбоотой юм. Баавгай өөрийн дарж булсан олзоо ойр орчмоос нь амь тавин манаж хамгаалдаг тул малчид, иргэд бэлчээрт баавгайд бариулаад булсан малын сэг зэм тааралдвал хэзээ ч ойртож болохгүй бөгөөд улангассан баавгайн дайралтад өртөх өндөр эрсдэлтэйг Онцгой байдлын албанаас онцгойлон анхааруулж байна.