Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Оюу толгой” төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар олон нийтийн нээлттэй санал асуулга эхлүүлэх асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Тэрбээр “эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагатайг онцлоод, тулгамдаж буй томоохон асуудлын нэг нь эрчим хүчний салбар гэдгийг хэлэв. Иймээс Оюу толгойн анхны ногдол ашгаас эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах саналыг Засгийн газраас оруулж ирсэн. Оюу толгойн төсөлд Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” групп хөрөнгө оруулсан хувь нийлүүлэгчид. Засгийн газар ногдол ашиг авах ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авахаар төсөвт тусгасан. Үүнийг хуульчлан баталгаажуулах шаардлагатай байна. Ногдол ашиг олгох шийдвэр гарсан. Бид байгалийн баялгийн эзэн учраас ногдол ашгаа авах. 2027 оны төсвийн төсөлд тусгасан 43 их наяд төгрөгийн орлогын гурван их наяд нь Оюу толгойн төслөөс авах ногдол ашиг юм. Засгийн газар 2027 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төсөлд Оюу толгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад, нэг их наяд төгрөгийг хуримтлалын санд зарцуулахаар тусгаад байна. Харин иргэд Оюу толгойн ногдол ашгийг бүхэлд нь хуримтлалын санд төвлөрүүлнэ гэвэл дээрх хуулийн төслийг татна. Мөн Засгийн газар 40.5 их наяд төгрөгөөр төсвөө батална” гэлээ.