БНСУ-ын нэрт дуучин Хваса буюу Ан Хе Жин ирэх сарын 7-нд Улаанбаатар хотод болох “K-Pop Masterz” тоглолтод оролцохоор Монголд дахин ирэх гэж байна.
Тэрбээр өмнө нь 2015, 2025 онд Монголд ирж байсан бөгөөд энэ удаад гурав дахь удаагаа Монголын үзэгчидтэй уулзах юм. 2014 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүний хувьд “Mr. Ambiguous”, “Um Oh Ah Yeh”, “Décalcomanie”, “Yes I Am” зэрэг дуугаараа Өмнөд Солонгосын хөгжмийн зах зээлд хүч түрэн орж ирсэн юм. Улмаар 2019 онд “Twit” дуугаа гаргаж, ганцаарчилсан бүтээлээ эхлүүлжээ. Уг бүтээл нь Өмнөд Солонгосын Circle Digital Chart-ыг тэргүүлж, түүний бие даасан карьерын эхний томоохон амжилт болсон юм.
Үүний дараа 2020 онд “Maria” нэртэй анхны мини цомгоо гаргаж, ижил нэртэй гол дуугаараа олон улсын сонсогчдын анхаарлыг татсан. “Maria” нь бусдын шүүмжлэл, цахим орчны сөрөг сэтгэгдэлтэй нүүр тулахын зэрэгцээ өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх тухай санааг агуулдгаараа онцлогтой. Түүний уран бүтээлийн онцлог нь зөвхөн хайр дурлалын тухай өөрийн мэдрэмж, амьдралын туршлага, нийгмийн хүлээлтийн талаар илэн далангүй өгүүлдэгт оршино. 2023 онд “I Love My Body” синглээ гаргаж, хүнийг гадаад төрх, бие галбираар нь шүүмжилдэг хандлагын эсрэг санааг илэрхийлсэн. Мөн “Chili” зэрэг бүтээлээрээ өвөрмөц хөгжмийн хэв маяг, тайзны дүр төрхөө үргэлжлүүлэн харуулжээ. Хваса 2015 онд “MAMAMOO” хамтлагийнхантайгаа Монголд анх ирж байсан бол өнгөрсөн жилийн хоёрдугаар сард “Степ Арена”-д болсон “Rosedust” хамтарсан тоглолтод оролцсон юм. Тухайн үед тэрээр “Maria”, “Good Goodbye” зэрэг бүтээлээрээ Монголын үзэгчидтэй уулзаж байв.