Сонгинохайрхан дүүрэгт “Байгалиа хамгаалъя” хэлэлцүүлэг боллоо

Сонгинохайрхан дүүрэгт “Байгалиа хамгаалъя” хэлэлцүүлэг боллоо

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийг арилгахад байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Золбоо нээж үг хэлэв. Тэрээр нийслэл рүү орох, гарах товчоо байрладаг, ой хээрийн болон хөдөө аж ахуйн бүс нутагтай дүүргийн онцлог байдал, түр оршин суугч, шилжин ирэгсэд, дамжин өнгөрөгчдийн хөдөлгөөн их байдаг зэргээс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт буурахгүй байгаад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх ажилд хамтарч ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

Арга хэмжээнд дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газрын удирдлага, алба хаагчдаас гадна Экологийн цагдаагийн газар, Нийслэлийн байгаль орчны газраас холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс гадна агаарын бохирдол, утаанаас шалтгаалсан угаарын хийн хордлогын улмаас иргэд ихээр хохирч байгаад анхаарал хандуулж байгаа талаар оролцогчид хэлж байв. Хүрээлэн буй орчноо, байгаль дэлхийгээ хамгаалах нь хүн бүрийн, тэр тусмаа төрийн албан хаагч, цагдаа, прокурор, байгаль хамгаалагч нарын үүрэг бөгөөд иргэдийг байгаль экологио хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байхад анхаарч дор бүрнээ ухамсартай байхыг уриаллаа.