СУРВАЛЖИЛГА: "НХУС-2025" өдөрлөгөөр 270 гаруй бүтээлээс бүрдсэн номын үзэсгэлэн, худалдаа зохион байгууллаа

СУРВАЛЖИЛГА: "НХУС-2025" өдөрлөгөөр 270 гаруй бүтээлээс бүрдсэн номын үзэсгэлэн, худалдаа зохион байгууллаа

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн гурван давхарт “НХУС-2025” нэртэй хаврын баяр, номын баяр, мэргэжил сурталчлах өдөрлөг нэгэн зэрэг тохиож байна. Энэ өдөрлөг нь суралцагч оюутнуудаас эхлээд ирээдүйн сонголтоо хийхээр зорин ирсэн ахлах ангийн сурагчдад боломж олгож байгаагаараа онцлогтой юм.

ЕБ-ын сургуулийн сурагч Д.Намуунцэцэг: Археологич, судлаачид сонирхолтой санагддаг учраас түүхийн буланг сонирхоод, үзээд явж байна. Хийсэн бүтээлүүд болон бэлдэж танилцуулж байгаа мэдээллүүд нь маш их таалагдлаа. Мэдлэг мэдээлэл олж авч чадлаа.

-МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА, СОЁЛЫН ОЛОН ӨНГӨ-

Өдөрлөгийн танхимд оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, идэвхтэй оролцоо мэдрэгдэж байлаа. Гадаад хэлний ангийн оюутнуудын урласан соёл, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн үзэсгэлэн олны анхаарлыг татаж, сурагчид бүтээл бүрийг сонирхон, оюутнуудын тайлбарыг анхааралтай сонсож байв. МУБИС-ийн гуравдугаар курсийн Солонгос хэлний ангийн оюутан Т.Оюунтуяа: Хоёрдугаар курстээ энэ өдөрлөгийг дээд урсынхантайгаа зохион байгуулж байсан. Энэ жил ирсэн зочдодоо зориулж нэрээ бичүүлмээр байгаа хүмүүсийн нэрийг солонгосоор бичиж гар бие оролцож байна. Энэ өдөрлөг улс улсын соёлыг харуулсан үнэхээр гайхалтай өдөр болж чаддаг.

МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Их танхимд багш нарын 270 гаруй бүтээлээс бүрдсэн номын үзэсгэлэн, худалдаа зохион байгууллаа.

“Энэ бол худалдаа бус, мэдлэг, оюуны үнэт зүйлсийг түгээх гүүр” хэмээн зохион байгуулагч багш онцлон хэлсэн юм. Мөн уран зохиол, хэл шинжлэл, философи, түүх, сэтгүүл зүйн чиглэлээрх судалгааны бүтээлүүдийг олон нийтэд нээлттэйгээр дэлгэж шинэ номын нээлтээ саяхан хийсэн зохиолчид ирсэн байна. Тухайлбал, “Humanz Media Agency”-ийн захирал, сэтгүүлч М.Баасандэлгэр болон “Шинэ ээжийн тэмдэглэл” номын зохиогч Г.Азжаргал нар хүндэт зочноор оролцож, өөрсдийн шинэхэн бүтээлээ уншигчдад танилцуулсан нь ирээдүйн сэтгүүлч, судлаачдын хувьд урам зориг өгсөн үйл явдал боллоо.

-СЭТГҮҮЛЧ М.БААСАНДЭЛГЭР, Г.АЗЖАРГАЛ НАР ШИНЭХЭН НОМОО ТАНИЛЦУУЛЛАА-

"Миний өмссөн гутал ном"-ын зохиолч М.Баасандэлгэр: Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Өөрөө олон янзын юм бичих сонирхолтой байсан. Шүлэг бичдэг байж байгаад дараа нь нийтлэл бичдэг болсон юм. “Миний өмссөн гутал” номон дээр миний аав ээж, найз нөхөд, хамт олон, ойр тойрны бүх хүмүүстээ зориулж бичсэн нийтлэлүүд байгаа хэдий ч гол философи нь хүн болгон өөр өөрийн гэсэн өмссөн гуталтай байдаг учраас өөртөө байгаа сайхан бүхнээ анзаараад өөрөө өөрийгөө хайрлаарай гэсэн утгатай. Сошиал медиа хөгжөөд хүмүүс их ганцаарддаг болсон учраас хань болоосой гэсэн үүднээс бичсэн.

Номоо өнгөрсөн бүтэн сайнд нээсэн. Сая нэг дэх өдөр бестселлер болсон. Мөн уншигчийн зурвас хэд хэд ирсэн. “Хань боллоо, тэврүүлэх шиг боллоо, баярлалаа” гэдэг үг их сонссон

“Шинэ ээжийн тэмдэглэл” номын зохиолч Г.Азжаргал: Урт сунжирсан байхаас илүү товч бөгөөд тодорхой, хүн уншихад ойлгомжтой байхаар бичихийг нэлээд сайн анхаарсан. Мөн ээж болоод амьдралын хэв маяг нь өөрчлөгдсөн учраас түүн дээрээ түшиглэн бичсэн.

-БҮТЭЭЛЧ ӨРСӨЛДӨӨН, ШИНЭ САНАА-

Өдөрлөгийн үеэр “Шилдэг хандалттай тэнхим” шалгаруулах уралдаан зарлагдаж, зочид өөрсдийн сонирхсон, бүтээлч байдлаар хамгийн сайн зохион байгуулсан тэнхимд цахимаар санал өгч байв. Энэ нь оюутнуудыг өөрсдийн тэнхимийн онцлогийг илүү сонирхолтойгоор харуулахад түлхэц өгч, сургуулийн уур амьсгалд бүтээлч өрсөлдөөний өнгө нэмжээ. Мөн энэхүү өдөрлөг нь нэг өдөрт багтах баяр биш. Энэ бол мэдлэг, мэргэжил, урам зориг, ирээдүйн сонголтын тухай бодит харилцаа, оюуны баялгийн солилцоо боллоо хэмээн оролцсон хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж байв.

Ж.Ичинхорлоо