Эх орныхоо 4 зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар яваа "Таван цэг" багийн гүйгчид 7 дахь аймгийнхаа нутаг дэвсгэрт гүйж байна.
Алтай таван богдын Сонгинотын даваагаас гараагаа эхлүүлсэн тэд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган аймгийг туулж, Төв аймгийн Лүн суманд орж иржээ. Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар өнөөдрийн байдлаар нийт 1705 км замыг туулаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн Төв аймгийн Зуунмод сумаар дайран өнгөрч эх орныхоо зүүн хязгаарыг зорих гэнэ. Гүйгчид өдөрт дунджаар 50-55 км замыг туулж байна.