Нутаг буцахын тулд Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргээр хорих ял шийтгэгдсэн Вьетнам улсын иргэнд торгох ял оноож, суллажээ

Нутаг буцахын тулд Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргээр хорих ял шийтгэгдсэн Вьетнам улсын иргэнд торгох ял оноож, суллажээ

Монгол Улсад олон жил ажиллаж, амьдарсан Вьетнам улсын иргэн нутаг буцахын тулд хууль бусаар хил гарах гэж байгаад баригдаж, улмаар анхан шатны шүүхээс түүнд нэг жилийн хорих ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Н.В.Х нь 2024 оны арваннэгдүгээр сарын 09-ний орой 19 цаг 20 минутын орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр Хилийн цэргийн дугаар ангийн хариуцсан чиглэл, хилийн дугаар тэмдгийн зүүн талаар 250 метр газраар Монгол Улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу боомт бус газраар явганаар Монгол Улсаас хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарах гэж байсан байдаг. Харин тухайн этгээдийн уг хууль бус үйлдлийг хилчид хяналтын камерын тусламжтайгаар илрүүлэн, холбогдох хуулийн байгууллагууд руу нь шилжүүлсэн байгаа юм.

Улмаар Вьетнам улсын иргэн Н.В.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг. 

-"ВЬЕТНАМ ДАХЬ ЭХНЭР, ГЭР БҮЛИЙНХЭН МААНЬ НАМАЙГ ШОРОНД ОРСНЫГ МЭДЭЭГҮЙ"-

Тэгвэл тухайн иргэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Ингэхдээ тэрбээр "Вьетнам дахь эхнэр, гэр бүлийнхэн маань намайг шоронд байгааг одоо болтол мэдээгүй байгаа. Би өөрийн бурууг ойлгож байна. Миний нөхцөл байдлыг харгалзан үзэж, миний хэргийг дахин хянан хэлэлцэж өгнө үү” хэмээжээ. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол зэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ, шүүгдэгч  Вьетнам улсын иргэн Н.В.Х-д оноосон нэг жилийн хорих ялыг 10 мянган нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял болгон өөрчилж, шүүгдэгчийг шүүх хурлын танхимаас шууд суллах шийдвэрийг гаргасан байна.  

-МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТЭРСЭН ГЭХ ВЬЕТНАМЫН ИРГЭН АЛБАДАН ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс нэг жилийн хорих ял сонсож, улмаар давж заалдах шатны шүүхээс торгох ял шийтгэгдсэн Вьетнам улсын иргэн Н.В.Х нь Монгол Улсад ажиллаж, амьдарч байхдаа албадан хөдөлмөр эрхэлж, уг байдлаасаа оргон зайлахын тулд эл хэрэгт холбогдсон уу гэх хардлага ч нийгэмд байгаа юм. Учир нь тэрбээр анхан шатны шүүх хурлынхаа үеэр “Би Монгол Улсад ажиллаад олон жил болсон. Монгол Улсад амьдардаг Вьетнамчууд бүгдээрээ гадаад паспортоо захиралдаа өгдөг, өөртөө паспортоо авч явдаг Вьетнам ажилчин байдаггүй. Тэгээд T захиралд миний гадаад паспорт байгаа гэдгийг баталгаатай мэдэж байсан ч асуухаас айсан, намайг явуулахгүй байх гэж бодоод паспортгүй ч гэсэн БНХАУ-аар дамжин Вьетнам руугаа буцъя гэж бодсон" хэмээн өгүүлсэн байдаг юм. Ямартай ч тухайн иргэн нь гадаад паспортгүй гэх шалтгаанаар хууль бусаар улсын хил нэвтрэх гэж байгаад ийнхүү эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон байна.