Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот болон Багануур дүүргийн хооронд нийтийн зорчигч тээврийн тогтмол үйлчилгээ нэвтэрч, иргэдэд илүү хүртээмжтэй, ая тухтай зорчих нөхцөл бүрдлээ.
Шинээр эхэлж буй энэ чиглэлийн автобус өдөрт найман удаагийн эргэлтээр буюу Улаанбаатараас дөрөв, Багануур дүүргээс мөн дөрвөн удаа тогтмол цагуудад үйлчлэх юм. Автобус Улаанбаатар хотоос “Тэнгэр плаза”-аас, харин Багануур дүүргээс “Хэрлэн” худалдааны төвийн зогсоолоос хөдлөхөөр төлөвлөгджээ. Тус үйлчилгээгээр зорчих иргэд тээврийн төлбөрөө бүх банкны картаар төлөх боломжтой бөгөөд тасалбарын үнэ насанд хүрэгчид 10 мянган төгрөг байх бол хүүхэд 5000 төгрөг байх аж.
Энэ шийдвэр нь хот хоорондын зорчих хөдөлгөөнийг дэмжих, иргэдийн цаг хугацаа, аюулгүй байдлыг хангахад чухал алхам болж байна гэдгийг албаныхан тодотгож байгаа юм.
Ж..Ичинхорлоо