Social ID булангийнхаа энэ удаагийн дугаарт, Монгол Улсын аварга, Монгол Улсын залуу аварга Добермэн үүлдрийн Аргус нохой тэжээгч, Б.Мөнхтамирыг урилаа. Бид өөрийгөө гэрийнхээ хоёр дахь босс гэж боддог, эзэнтэйгэй л хамтдаа байвал аз жаргалтай байдаг Аргус нохойны талаар ярилцсан юм.
ВИДЕО:
- Юуны өмнө урилгыг маань хүлээн авсан та хоёртоо баярлалаа. Өөрсдийгөө танилцуулна уу.
- Сайн байцгаана уу. Намайг Б.Мөнхтамир гэдэг. Добермэн үүлдрийн Аргус нохойгоо дагуулаад Isee.mn сайтад ярилцлага өгөхөөр ирээд байна.
- Аргус одоо хэдэн настай вэ?
- Аргус одоо 18 сартай. 2025 оны гуравдугаар сард төрөөд 45 хоногтойдоо манайд ирж байлаа.
- Добермэн үүлдрийн нохой бусад үүлдрийн нохойноос юугаараа ялгаатай вэ?
- Энэ үүлдэр маань гаднаас харахад хурц ширүүн, хүн аймаар харагддаг боловч үнэндээ гэртээ тэжээхэд ямар ч асуудалгүй нохой шүү дээ.

- Тэгвэл Аргус адил үүлдрийн бусад нохойноосоо ямар онцлогтой байна?
- Надгүйгээр ер нь байж чаддаггүй. Жишээ нь би, хогоо хаях гээд ганцаараа гараад явчихвал хаалга самардаад л, бухимдаад эхэлдэг. Цаана нь манай гэрийнхэн байж л байгаа шүү дээ. Ганц Аргус ч гэлтгүй добермэн үүлдэр нь өөрөө эзэн амьтай ганцаараа байх дургүй төрлийн нохой л доо. Тэр дундаа Аргус бол ганцаараа үлдэх үнэхээр дургүй. 100 өдрийн бараг 99-д нь л надтай хамт явж байдаг.
- Та хоёр ер нь хамгийн ихдээ хэд хоног хол байж үзсэн бэ?
- Орхиод явчихаар жоохон санаа зовоод байдаг юм. Хамгийн ихдээ 11 хоног орхиж явж байсан. Тэгэхэд нэг дүүдээ бүр байрлуулж орхиод явсан юм уг нь. Тэр 11 хоногт их юм болно оо. Нөгөө дүү рүүгээ орой нь дүрстэй дуудлагаар залгаад “Би нэг нохойгоо харчихмаар байна аа, хоол ундаа идэж байна уу гээд л ярьдаг юм”. Тэр 11 хоногийн бараг 5, 6- д нь орой залгаж ярьсан байх аа.

- Монголд өөрийгөө нохой гэж боддог ямаа, хүүхэд гэж боддог нохой гээд янз янзын л амьтан байна. Аргус өөрийгөө хэн гэж боддог бол?
- Аргус ер нь өөрийгөө манай гэрийн хоёр дахь босс л гэж боддог шүү дээ.
- Нэг дэх нь биш үү?
- Нэг дэх нь бол би. Надаас л айдаг юм. Миний үгэнд л ордог.
- Гэр бүлийнхээ бусад гишүүдтэй хэр дотно вэ?
- Одоо манай охин хоёр настай. Аргусыг 45 хоногтой манайд ирэхэд охин маань дөрвөн сартай байлаа. Ер нь бол хамтдаа өсч байгаа. Хүүхдэд их зөөлхөн амьтан шүү дээ. Охин маань Аргусын чих сүүлээр нь тоглох дуртай. Аргус харин манай охиныг долоох дуртай.
- Аргусын том гинж, гоё шил зүүчихсэн нэг бичлэг "од" болж байсан шүү дээ. Ер нь гоёж гангалах хэр дуртай вэ?
- Бичлэг хийхийн тулд л ганц нэг удаа хүзүүний гинж, нүдний шил зүүлгэж байсан. Өөрөө ер нь чимэглэл зүүх байтугай хувцас ч өмсөх дургүй нохой шүү дээ. Добермэн үүлдрийн нохойнууд тарчиг үстэй учраас өвлийн улиралд гадаа удаан байж чаддаггүй онцлогтой юм. Өвөл бол гадаа гарч бааж, шээчихээд л буцаад ордог. Гадаа жоохон л удчих юм бол чичрээд л эхэлдэг.
- Тэгвэл ямар улиралд дуртай вэ?
- Дуртай улирал нь яг одоо болж байна. Намар, хаврын улиралд дуртай. Яг өөрийнх нь биеийн нөхцөл байдалд тохирсон, халуун ч биш, хүйтэн ч биш байдаг учир хавар, намрын улиралд дуртай байдаг.

- Тэмцээний талаар яривал. Бэлтгэл сургуулилт, хооллолт гэх мэт...
- Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нохойн шоу тэмцээн маань Олон улсын нохой судлалын холбооны дүрэм журмын дагуу явдаг. Тиймдээ ч олон улсаас шүүгч нар ирж шүүдэг. Монголын нохой судлалын холбоо жилдээ 2-3 тэмцээн тогтмол явуулчихдаг юм. Шоу тэмцээн дээр тухайн нохой яг тэр үүлдрийнхээ шалгуурыг хангаж байна уу гэдгийг шалгадаг юм. Добермэн нохой ийм толгойтой, ийм чихтэй, ийм цээжтэй байх ёстой бол яг л тэр стандарттай жишдэг. Дээрээс нь нохойны хөдөлгөөн, рингэн доторх үеийн зан характерыг хардаг. Ер нь хүний тэмцээнтэй зүйрлэх юм бол бараг л миссийн тэмцээн шиг гэх юмуу даа.
- Аргус тэмцээндээ орох дуртай юу?
- Тэмцээндээ орох дуртай. Яагаад гэвэл мань нөхөр бусад нохойнуудтай нөхөрсөг, нохойнуудын дунд л байх хүсэлтэй юм шиг байгаа юм. Тэр тэмцээн дээр олон нохой очдог учраас “Би энэ тэмцээнд орох юм нохойн дунд байгаад л байна гэж боддог байх”. Тиймдээ тэмцээнд болон тэмцээний өмнөх бэлтгэлүүдээ хийх дуртай байдаг байх.

- Тэмцээний өмнөх бэлтгэл гэж та ярьж байна. Энэ үед ер нь ямар бэлтгэл, сургуулилт хийдэг талаар сонирхуулвал...
- Тэмцээний өмнөх бэлтгэлээ нэг сар орчмын өмнөөс тэмцээн зарлагдаад эхлэнгүүт л бэлдээд эхэлдэг. Тэр үедээ олон нохойн дунд энэ нохой ааш авир гаргаж, ард урдаа явж байгаа нохой архираад байж болохгүй. Хэдэн ч нохой байсан хамаагүй дунд нь тойроод л явж байх ёстой. Дээрээс нь нохойнуудыг тойроод дууссаны дараа шүүгч урдаа ирээд үндсэн зогсолтоор нь зогсоогоод, бие хааг нь тэмтэрч үзээд, шүднүүд нь бүрэн зөв зуулттай байна уу гэх мэт бүх зүйлийг нь шалгадаг. Тэр болгонд нь тэмцээнд орж байгаа нохой томоотой зогсоод шалгуулж байх ёстой.
- Бидэнд бол хүн хүнээс илүү дотно найзууд байдаг шүү дээ. Аргус ер нь найзтай юу?
Манай Аргус ихрүүдтэйгээ найз байсан юм уг нь. Гэхдээ бүгдээрээ эрэгтэй учраас сүүлийн үед жоохон муудалцаад байгаа. Харин төрсөн охин дүүтэйгээ их сайн найзууд. Бие биенийгээ хараад бараг тэврэлдэх нь холгүй л уулздаг. Тэгээд салж хагацаж чадахгүй, нэг нь хаяад явчихвал тэр шөнөдөө бараг гасалж хонодог тийм сайн найзууд. Найз дүүтэй гэх юмуу.
