ВИДЕО: Улиралд 46 сая төгрөг зарцуулдаг "Жуулчны мэдээллийн төв" жуулчдад үйлчилгээ үзүүлэх бус "агуулах"-ын зориулалтаар ажиллаж байна

ВИДЕО: Улиралд 46 сая төгрөг зарцуулдаг "Жуулчны мэдээллийн төв" жуулчдад үйлчилгээ үзүүлэх бус "агуулах"-ын зориулалтаар ажиллаж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатарын төв цэг буюу Д.Сүхбаатарын талбайд "Жуулчны мэдээллийн төв"-ийг өнгөрсөн жил шинээр нээсэн билээ. Зургаан сарын өмнө үүдээ нээж байсан тус төв өнөөдөр хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа, жуулчдад мэдээлэл өгч, үндсэн зорилгоороо ажиллаж байгаа эсэх талаарх мэдээллийг бид бэлтгэлээ. 

ВИДЕО: 

Төв талбайн баруун урд буланд байрлуулсан монгол гэрийн хэлбэртэй жижиг цагаан байрны хаалган дээр "00 биш" гэх бичиг наажээ. "Жуулчны мэдээллийн төвийг шинээр нээлээ" гэх мэдээллийг өмнө нь уншиж, төсөөлж байснаас бодит байдал тэс өөр аж. Жижиг дөрвөн ханатай монгол гэрийн хэмжээтэй тус байранд модон тавилга, хивс, шуудайтай зүйлс зэргийг хөл гишгэх зайгүй хураажээ.

Тэнд жуулчид ороод тухтай мэдээлэл авах нь байтугай ороод зогсох ч боломжгүй нөхцөл байдалтай байв.

Тус төвийн гэрээт ажилтан гэх залуугаас тухайн төвийн үйл ажиллагааны талаар тодруулахад "Одоогоор жуулчдад үйлчилгээ үзүүлээгүй л байна. Тиймээс юм хураасан байгаа юм. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэх хариултыг өгч, улмаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын хэвлэл мэдээллийн ажилтантай холбож өгсөн юм.

Тухайн ажилтан нь "Жуулчны мэдээллийн төв"-ийн орчин нөхцөл бохир, элдэв зүйлс хураасан байдалтай байгаа учраас мэдээлэл бэлтгүүлэх боломжгүй. Харин дараа нь орчин нөхцөлөө сайжруулж, бэлтгэж байгаад мэдээлэл өгье" гэх хариултыг өгч, үнэн бодит байдлыг харуулсан мэдээлэл бэлтгүүлэхээс эрс татгалзаж, дургүйцлаа илэрхийлсэн юм. Улиралд 46.1 сая төгрөг зарцуулдаг Жуулчны мэдээллийн төвийн үйл ажиллагаа ийм л нөхцөл байдалтай ажиллаж байна.

Харин тус төвийн талаар гадаадын иргэд, жуулчдаас тодруулахад "Жуулчны мэдээллийн төвөөр үйлчлүүлэх нь байтугай Монгол Улсад жуулчдад мэдээлэл өгөх төв гэж төрийн байгууллага байдаг талаар ч огт сонсож байгаагүй" гэдгийг хэлж байлаа. Харин дотоодын иргэдэд зориулж, төрийн үйлчилгээний нэгдэн төвүүдийн мэдээлэл, байршилЕ-mongolia ашиглах зааварчилгаа, мэдээллийн лавлах утасны жагсаалт, үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах талаар мэдээлэл өгдөг гэх боловч энэ талаар иргэд ямар ч мэдээлэлгүй байна. Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарынхаа нэгээр сонгосон Монгол Улсын төв талбайдаа нээсэн Жуулчдын мэдээллийн төвийн үйл ажиллагаа ийм нөхцөл байдалтай ажиллаж байгаад холбогдох албаныхан анхаарал хандуулж, үйл ажиллагааг нь цэгцлэх цаг нэгэнт болжээ.