“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн, “Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр болж, 2024 оны үйл ажиллагаа болон аудитлагдсан санхүүгийн тайлан, ногдол ашиг хуваарилах эсэх талаарх асуудлуудыг хэлэлцлээ.
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Чанар бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав даргалж, санал өгөх эрхтэйгээр Геологи, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян, Хууль эрх зүйн зөвлөлийн зохицуулагч Б.Гэрлээ, Компанийн засаглал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Тэнгис болон Багануур ХК-ийн ТУЗ-ийн гишүүд, хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцлоо.
Хурлын эхэнд, “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал компанийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулсан бөгөөд бизнес төлөвлөгөөндөө 17 зорилтыг тусгаж, 97.1 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн нь толгой компаниас хангалттай гэж дүгнэгдэв.
Тайлангаас онцолбол, Багануур ХК өнгөрөгч онд 32,432.2 мян.м3 уулын ажил, 21,560 мян.м3 хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, 4.9 сая.тонн нүүрс олборлож, борлуулсан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр нүүрс борлуулалттай жил байсныг тодотголоо.
Багануур ХК өнгөрсөн онд 17.8 тэрбумын техникийн шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр хийж, өмнөх техник шинэчлэлийн зээлийн 23.5 тэрбум төгрөгийн өрийг бүрэн төлж барагдуулсан ба санхүүгийн үзүүлэлтийн хувьд алдагдлыг 9.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 1.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудлын дагуу Ногдол ашиг хуваарилах эсэх талаар ТУЗ-ийн шийдвэрийг Багануур ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга Б.Чойжил танилцуулж, цэвэр ашгийн 30 хувь буюу 495.4 сая төгрөгийг нэгж хувьцаанд 23.62 төгрөгөөр тооцож ногдол ашиг хэлбэрээр олгохоор шийдвэрлэлээ.
Энэхүү шийдвэр нь Багануур ХК 20 жилийн дараа ногдол ашиг хуваарилсан шийдвэр болж байна.