Энэ сарын 8 /2025.04.08/-ны өдөр Украины Ерөнхийлөгч В.Зеленский Донецк мужид хоёр хятад иргэнийг баривчилсан тухай мэдээлсэн. Тэгвэл өчигдөр /2025.04.14/ Украины нийслэл Киев хотод болсон хэвлэлийн хуралд хоёр хятад иргэн болох Ван Гуанжун болон Жан Жэньбо нар оролцож, "Оросын армийн бүрэлдэхүүнд хэрхэн орж, Украины зэвсэгт хүчинд олзлогдсон талаар"-аа дэлгэрэнгүй ярьсан байна.
Тухайлбал, баривчлагдсан хятадын иргэнийн нэг нь, "Орос улс бидний төсөөлж байснаас тийм ч хүчирхэг биш. Харин Украин бол бодсоноос хамаагүй хүчтэй” хэмээн ярьсан байна. Мөн тэд байлдааны туршлагагүй байсан ч Оросын армитай гэрээ байгуулсан. Өөрсдийгөө фронтод биш, эмнэлгийн сэргээн босголт, ар талын дэмжлэгт ажиллана гэж бодож байсан гэжээ. Тэдний нэг нь шархадсан бол нөгөө нь сайн дураараа бууж өгсөн байна.
Харин Хятадын Гадаад хэргийн яам энэ асуудалд албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ, "Бид иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд оролцохоос зайлсхийхийг байнга уриалж байгаа" гэж мэдэгджээ.
Мөн АНУ-ын Төрийн департамент энэ үйл явдлыг "сэтгэл түгшээсэн" гэж нэрлэж, Хятадын Оросын талд үзүүлэх дэмжлэгийг шүүмжилсэн байна. Тэд Хятад улс зэвсэгт мөргөлдөөнийг дэмжихгүй гэдгээ дахин нотолсон ч, энэ үйл явдал нь олон улсын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулжээ.
Эх сурвалж: BBC