“Панамын суваг Хятадын хяналтад орсон” гэх АНУ-ын мэдэгдлийг Панамын Гадаад хэргийн сайд няцаажээ

“Панамын суваг Хятадын хяналтад орсон” гэх АНУ-ын мэдэгдлийг Панамын Гадаад хэргийн сайд няцаажээ

Панамын Гадаад хэргийн дэд сайд Карлос Гевера Маннын мэдэгдсэнээр, "Панамын суваг Хятадын хяналтад орсон" гэх АНУ-ын итгэл үнэмшил нь буруу ойлголт бөгөөд энэ асуудлыг шинэ АНУ-ын засаг захиргаанд ойлгуулж, тайлбар өгөх шаардлагатай гэжээ. Түүний энэхүү мэдэгдлийг БНХАУ-ын хэвлэл болох South China Morning Post сонин иш татан мэдээлсэн байна.

Тэрээр, "АНУ-ын зарим төрийн байгууллага болон улс төрчид, тэр дундаа БНХАУ дэлхийн стратегийн чухал бүс нутагт нөлөөллөө тэлж байгааг шүүмжилдэг хүмүүс Панамын сувгийг Хятадын хяналтад орсон гэж олонтаа мэдэгддэг. Харин Панамын зүгээс энэ нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд сувгийн менежмент, үйл ажиллагаа зөвхөн Панамын засгийн газрын мэдэлд байгааг дахин дахин онцолж байна" гэжээ. 

Сонирхуулахад,  Панамын суваг нь дэлхийн худалдааны тээврийн маш чухал гарц бөгөөд Атлантын болон Номхон далайг холбодог, жилд ойролцоогоор 14 мянган хөлөг онгоц дамжин өнгөрдөг юм. Энэхүү суваг дээрх хяналт, нөлөөлөл нь геополитикийн хувьд АНУ, Хятадын хоорондын өрсөлдөөний нэг хэсэг болж буйг олон шинжээчид онцолдог. Хэдийгээр Хятадын компаниуд сувгийн ойролцоо боомт, ложистикийн зарим төсөлд хөрөнгө оруулсан ч Панамын засгийн газар нь сувгийн менежментийг өөрсдөө бүрэн хариуцдаг болохыг хатуу мэдэгдсэн юм.

Нөгөөтэй, АНУ-ын зүгээс Хятадын “Нэг бүс – Нэг зам” санаачилга болон Латин Америк дахь нөлөөллийг анхааралтай ажиглаж ирсэн.

Панам 2017 онд Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-тай албан ёсоор харилцаа тогтоосон нь Вашингтонд сэжиг төрүүлж байсан юм. Энэ цагаас хойш Хятадын компаниуд Панам дахь хэд хэдэн стратегийн төслүүдэд оролцож буй ч, сувгийн менежментийн эрх мэдэлд хөндлөнгөөс нөлөөлөх ямар нэгэн баримт одоогоор байхгүй байгаа юм. 

Эх сурвалж: South China Morning Post