АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын худалдааны хатуу байр суурь, ялангуяа тарифын бодлоготой холбоотой тодорхой бус байдал дэлхийн хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөлсөөр байна. Өчигдөр /2025.04.08/ АНУ-ын гол индексүүд дахин огцом унаж, хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол нэмэгдсээр буйг илтгэжээ.
S&P 500 индекс 1.57 хувиар, Dow Jones 0.84 хувиар, Nasdaq технологийн индекс 2.15 хувиар тус тус буурсан байна. Nasdaq-ийн хувьд технологийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтын гол хэмжүүр тул уг уналт нь өндөр технологийн компаниудын үнэлгээ эрсдэлд орсныг харуулж байгаа юм.
Харин Илон Маскийн удирддаг Tesla компанийн хувьцаа 5.45 хувиар, Apple 5.22 хувиар унасан бол Amazon 2.88 хувь, чип үйлдвэрлэгч Nvidia 2.01 хувиар буурсан байна. Эдгээр томоохон компаниудын уналт Nasdaq-ийн гүн хасагдлыг тодорхойлжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, зөвхөн өнгөрсөн хэдхэн өдрийн дотор S&P 500 индексийн хүрээнд багтдаг компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 5 их наяд ам.доллараар хумигдсан байна. Энэ нь “гайхамшигт долоо” гэгддэг Nvidia, Alphabet /Google/, Amazon, Apple, Microsoft, Meta болон Tesla компанийн хувьцааны үнэтэй шууд холбоотой ажээ. Хэдийгээр Ази, Европын хөрөнгийн зах зээл өчигдөр арилжааны эхэнд багахан сэргэлт үзүүлсэн ч АНУ-ын биржүүдийн өдөр тутмын арилжаа дахин уналтаар өндөрлөсөн нь дэлхийн эдийн засгийн уур амьсгалд таагүй дохио өгч байна. Эдийн засагчид АНУ-ын тарифын бодлого, ялангуяа Хятад болон бусад худалдааны түншүүдтэй холбоотой боломжит маргаанууд хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж буйг онцолж байна.
Эх сурвалж: BBC